dobu.mndobu

“Хүний хуучин, дээлийн шинэ” гэдэг шүү, Ерөнхий сайд Н.Учрал аа

0

НийтлэлчAdmin

Огноо2026-03-30

“Хүний хуучин, дээлийн шинэ” гэдэг шүү, Ерөнхий сайд Н.Учрал аа

Дэлхий нийтийн хямрал дундуур дотоодод улс төр үймж, Ах намынхан яаралтай арга хэмжээ авснаар Ерөнхий сайдаар Н.Учралыг тохоон томилов. Одоо түүнд танхимаа бүрдүүлэх халуухан ажил бий. Учир нь дараагийн ээлж хоолондоо орохоор сэлмээ хуйнаас нь сугалж барьчхаад гүйлдэж байна. Ойрхи Дорнод, ОХУ дайны хөлд, улмаар нефть бүтээгдэхүүний хомсдолд дэлхий нийтээр орж, үнэ тэнгэрт хаджээ. Суурь үнийн нэмэгдэл, түүнийг дагасан хямралд олон улс эхнээсээ өртөөд эхэлчихсэн. Үүнийг дагаад улс орнууд бүсээ чангалан, төлөвлөгөө боловсруулж байхад бид үймж байгаа нь тийм ч таатай биш. 

Тэгэхээр шинэхэн Ерөнхий сайд Н.Учрал танхимаа шинэчлэх, цоо шинэ зүйл хийх гэж адгах хэрэггүй л болов уу. “Хүний хуучин дээлийн шинэ” гэдэг дээ. Сайн ч муу ч энэ танхимынхаа хэдэн сайдтай хямралын эсрэг зогссон нь өлзийтэй байж таарна. Түүнээс бус сэлмээ хуйнаасаа сугалаад дайрч байгаа нөхдийг оруулаад ирвэл тэд учраа олох гэж хаврын сарыг барж, зуныг өртөөлөн, наадамтай золгохоор асар хурдтай явж байгаа хямралын хөлд Монгол Улс үрэгдэнэ биз дээ.  

САН ХӨМРӨГ, ТҮЛХҮҮРИЙН ЭЗНИЙГ СОЛИХЫН ХЭРЭГГҮЙ

Төрийн мөнгөний авдрны түлхүүрийг хэдэн жил чанга атгаж ирсэн Сангийн сайд Б.Жавхланг солих гэж яарахын хэрэггүй. Тэр байж гэмээнэ хямралын эсрэг зогсож чадна. Түүхэнд анх удаа төсвийг 2.3 их наядаар танаж, эдийн засгийн өсөлтийг 6.5 хувьд авчирч, валютын нөөцийг долоон тэрбумд хүргэсэн зэрэг амжилтыг Сангийн сайдаас салгаж ойлгох ямар ч аргагүй. Тиймээс энэ бүх ачааг нь тэр чигээр нь үүрүүлээд зүтгүүлэхээс өөр зам байхгүй. Үүнд бодлогын дэмжлэг үзүүлж, гадаад дотоод орчин, салбар салбарыг холбон зангидаж байгаа Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр ч байж байг. Ерөөсөө энэ хүнд хэцүү цагт сан хөмрөг, түлхүүрийн эзнийг сольж болохгүй. Хэн ч аваа билээ. 

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ОДОО БУРХАН БАЙГААД Ч НЭМЭРГҮЙ

Хямрал нүүрлэсэн үед Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнг ч хөндөх хэрэггүй. Хоосолж орхисон Эрүүл мэндийн даатгалын сангаас эхлээд “Учрыг олж хужрыг нь тунгаахаар” ажиллаж байгаа сайдаа явуулчихаар энэ ажил саармагжиж үлдэнэ. Хямралын үед хоосон сантай ард түмний эрүүл мэнд яах вэ гэдэг асуудалтай ч нүүр тулна. Үүнээс гадна Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтарсан төсөл хөтөлбөрүүд гээд олон зүйл эхлүүлснийг нь дуусгах хэрэгтэй. Түүнээс яг энэ цаг мөчид эрүүл мэндийн салбарт бурхан байгаад ч хямрлыг сөрөхөд хэцүү. 

М.БАДАМСҮРЭН ШИГ ХӨДӨӨ ГАДААТАЙ САЙД ТААРАА Ч БИЛҮҮ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн саяхан томилогдсон гэхэд үндэсний үйлдвэрээ дэмжих, малчдын орлогыг нэмэгдүүлэх тал дээр томоохон бодлого явуулж, энэ хүрээнд 350 тэрбум төгрөгийн хөнгөлттэй зээлийг үндэсний үйлдвэрлэгчдэд олгох ажлыг хийчхэж. Үүний үр дүнд малчдын гар дээрээс ноолуурын үнэ ч өндөр гарч байна. Энэхүү үндэсний үйлдвэрлэгч компаниуд, малчид, хоршоологчдын дунд гүүр болж, тэдний харилцан оролцоог хангаж байгаа учраас ажил нь урагштай явж байна. Тэгэхээр М.Бадамсүрэнгийн оронд нэг “том” бодлоготон орж ирээд самраад хаячихвал бүх зүйл талаар болно. Тэгээд ч М.Бадамсүрэн шиг аймгийн даргаар ажиллаж байсан, хөдөө гадааг мэдэх сайд ирээ ч билүү. Онол ярьсан цагаан захтан ирвэл энэ салбар сүйрнэ. 

Г.ДАМДИННЯМ САЙД ХҮНД ҮЕД ШАТАХУУН, ТҮЛШ ТАСЛАХГҮЙ Л ЯВНА

Өдгөө хамгийн чухал салбарыг удирдаж байгаа сайд Г.Дамдиннямыг шатахуун түгээгүүрийн дарааллаас болж адлах ч хэрэггүй. Бид дараалж зогсох шатахуун, түлшгүй болж мэдэхээр цаг үед амьдарч байна. Хэдхэн сарын өмнө манайд шатахуун түлш тасалдаж, урт дараалал үүсэж, уур бухимдал болов доо. Гэтэл Г.Дамдинням сайд ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв, дэд сайд П.Ю.Сорокин нартай уулзаж, шатахуун нийлүүлэлтийн явцад өмнө нь гарч байсан хүндрэлийг давтахгүй байх, 2026 онд нийлүүлэлтийг хэрхэн тогтвортой хангах талаар ажил хэргийн саналуудыг хэлэлцэж, цаашдын төлөвлөлт, уялдаа холбоог хангах ажлыг шуурхай шийдвэрлэж тохирсон. Тиймдээ ч ОХУ-ын Эрчим хүчний сайд Монгол Улсад нийлүүлж буй газрын тосны бүтээгдэхүүнийг тогтвортой нийлүүлэх, газрын тосны бүтээгдэхүүний салбарт хамтран ажиллах хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлж, бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлсэн. Ийм цаг үед Г.Дамдинням сайдыг хөндөх гэвэл энэ хэлэлцээр талаар болж, ахиад ч урт дараалал үүснэ. Үүнээс гадна эрх биш уул уурхайн салбарт хэрэгжүүлэхээр зэхсэн бодлого төлөвлөгөө ч бий. Гадаад дотоод хүчин зүйлээс үүдэн, гол нэрийн бүтээгдэхүүн нүүрсний үнэ ямар байгаа билээ гээд бодох зүйл олон бий.   

ЭГЗЭГТЭЙ ЦАГТ ГАДААД ХАРИЛЦААГАА ХӨНДӨХ, ӨӨРЧЛӨХ ХЭРЭГГҮЙ

Ийм эгзэгтэй цагт Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг шиг хэрэгтэй хүн үгүй. Б.Батцэцэг сайдаас тохой өндөр мэдлэг чадвартай хүн байгаад ч ийм эгзэгтэй цагт бол хэрэггүй. Хэтдээ яах нь та бүхний дур. Нөгөө талаар Б.Батцэцэг сайд өнгөрөгч хугацаанд геополитик, гадаад дотоод харилцааг өндөр түвшинд авч ирлээ гэж бодож байна. Цаашдаа ч Монгол Улс илүү амбицтай байж, илүү олон санал санаачилгыг гаргаж, манлайлах түвшинд дэмжих чиглэлээр Гадаад харилцааны сайдын хувьд нэлээд зүйлийг төлөвлөсөн. Олон улсын түвшинд зарлаж байгаа өндөр албан тушаалд улс бодлогын, улс төрийн манлайллын хувьд дэмжиж байх ёстой. Бид бүс нутагтаа хүний эрх, ардчиллыг хөгжүүлж, ардчиллын загвар орон гэдгээрээ олон улсын анхаарлыг татдаг. Тиймээс ийм үед гадаад харилцааны сайдаа, гадаад харилцаагаа хөндөх, өөрчлөх хэрэггүй. 

Ч.УНДРАМ САЙДЫН БОДЛОГО Ч ТАСАЛДАХ УЧИРГҮЙ 

Хэдийгээр дэлхий нийт хямралтай байгаа ч аялал жуулчлалын бодлого алдагдаж болохгүй. Тиймээс Соёл спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрамын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд бусад салбарын бодлого, төлөвлөлттэй уялдуулах бодлого хэрэгжүүлж байгааг хэн үргэлжлүүлэх юм. Тухайлбал тэрбээр зам, тээврийн салбарт хэрэгжүүлэхээр санал болгож буй төслүүдийг аялал жуулчлалын хөгжилтэй хэрхэн уялдуулах, соёл урлагийн салбартай хэрхэн холбох тухай бодлогыг зайлшгүй үргэлжлүүлэх шаардлагатай. 

Б.ДЭЛГЭРСАЙХАН САЙДАД АЛДАА ОНООГ НЬ АДИЛХАН ҮҮРҮҮЛ

Зам тээвэр, хөгжлийн сайд Б.Дэлгэрсайханыг ч хэн нэгнээр солих гэж яарах хэрэггүй. Түүний зам, тээврийн салбарт Гашуунсухайт-Ганцмод боомт, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг шат дараатай хэрэгжүүлж байгаагийн эцсийг үзэх, эдгээр бүтээн байгуулалтын үр дүнд бүс нутагт 1500 гаруй ажлын байр шинээр бий болж, эдийн засгийн идэвхжил нэмэгдэж байна. Тавантолгой өртөөнд гэхэд 550, Цогтцэций өртөөнд 250, Гашуунсухайт өртөөнд 300 орчим ажилтан ажиллаж эхэлсэн зэргийг нь цааш явуулах шаардлага байгаа. Түүнээс өөр нэг “замчин” ирвэл бас л нураагаад хаячихна. Энэ мэт зүйлийг өөрөөр нь дуусгуулах хэрэгтэй. Түүний хувьд энэ салбарт алдсан ч зүйл бий, оносон ч зүйл бий, адилхан үүрүүлэх нь чухал. 

Д.БАТЛУТ САЙДЫН БОДЛОГЫГ ӨӨР ХЭН ХЭРЭГЖҮҮЛЭХ ЮМ

Батлан хамгаалахын сайд Д.Батлут гэх нөхөр саяхан л сайд боллоо хэмээн адлагдаж байсан бол өнөөдөр алба хаагчдыг чадавхжуулах, тэдний нийгмийн хамгааллыг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлэх бодлогоо төлөвлөчхөж. Мөн орчин үеийн зэвсэглэлийн хөгжилтэй уялдуулан систем хөгжүүлэлт, шинэ төрлийн тоног төхөөрөмжийг хөгжүүлэх, нэвтрүүлэх суурийг тавих, мэдээлэл, кибер аюулгүй байдлын хамгаалалтыг сайжруулах, зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг хэрэгжүүлэх тал дээр ажиллаж, өмнөд хөрштэй очоод гэрээ хэлцэл хийжээ. Батлан хамгаалахын сайдын хувьд зэвсэгт хүчний салбарыг орчин цагийн дэвшилтэт технологид суурилуулах бодлогын анхан шатны ажил гараанаас амжилттай гарч байна гэхэд болно. 

Б.ЭНХБАЯР САЙД БОЛ ЭНЭ ЗАСГИЙН ЖАДНЫ ҮЗҮҮР ШҮҮ 

Өнөөдөр ад шоо болоод байгаа Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр бол яах аргагүй Н.Учралын Засгийн газрын “Жадны үзүүр, сэлэмний ир” болон ажиллаж чадна. Өөрөө ч ийн зориглон Засгийн газарт ирсэн нөхөр. Хамгийн гол нь түүнд үнэн худал нь мэдэгдэхгүй тайлбарлаад орхисон олон асуудал байгаа. Энэ мэт зүйлсээ цэгцлэхээс нааш хөндөхийн ч хэрэггүй. Аливаа Засгийн газар тогтвортой амжилттай ажиллая гэвэл энэ мэт зоримог шийдвэртэй, хэний ч өөдөөс хууль бариад босчихдог “Хуулийн” сайд хаа ч хэзээ ч хэрэгтэй байдаг даа.

ӨНӨӨДРИЙН НИЙГЭМД МАШ ХЭРЭГТЭЙ ХӨТӨЛБӨРИЙГ Т.АУБАКИР САЙД ӨӨРӨӨ ДУУСГАХ ЁСТОЙ

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакирын хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ядуурлаас гаргах үндэсний санаачилгыг цааш явуулах  зүй ёсны шаардлага бий. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь Азийн хөгжлийн банктай хамтран бага орлоготой иргэдийг бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэх “Төгсөлтийн аргачлал” төслийг 1259 өрхөд амжилттай хэрэгжүүлсэн туршлагад тулгуурлан 2026 онд “Зорилтот өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, амьжиргааг дээшлүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байгаа нь амжилттай явж байна. Энэ бол өнөөдрийн нийгэмд нүдээ олсон зүйл учраас тэр өөрөө хэрэгжүүлж дуусгах ёстой. 

Э.БАТШУГАР САЙДЫН ЭХЛҮҮЛСЭН ОЛОН ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР БИЙ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугарын “Их өгөгдөл, хиймэл оюуны жил” болгон зарлаж, дижитал шилжилт, инновацын бодлогыг эрчимжүүлэх шаардлага байгаа. Энэ салбарт залуу хүний хувьд Э.Батшугар яг тохирно. Тиймдээ ч тэр өнгөрөгч 2026 онд “Их өгөгдөл, хиймэл оюуны стратеги”-ийг танилцуулснаа өдгөө хэрэгжүүлэхээр зорьж явна. Залуу сайдын хувьд Э.Батшугар олон бодлого хөтөлбөр танилцуулж, эхнээсээ хэрэгжээд явж байгааг сайшаахаар өөр аргагүй. Түүний оронд сайдын албанд дуртай нэг ахмад очихоор цахим технологио ч ойлгохгүй сүйднэ биз. 

ХАМТРАГЧДЫН ХУВЬД ИРЭХ НЬ ИРЖ, ЯВАХ НЬ ЯВНА БИЗ

Засгийн газарт хамтарч байгаа Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар тэргүүтэй ИЗНН, Т.Доржханд тэргүүтэй ХҮН намын хамтрагчид засгийн тогтвортой байдалд нөлөөлөх учраас тэднийг хөөж туугаад яах юм, байж л байг. Харин өөрсдөө дундаа ирэх нь ирж, явах нь явж л байг. Тэр хамаагүй. Тэртээ тэргүй улс төрийн гуравдагч хүчин, жижиг намуудад Засгийн газрын бөөрөнд наалдаж явахаас илүү аз завшаан гэж үгүй. 

НЭГЭНТ ХӨӨГДСӨН Б.ЧОЙЖИЛСҮРЭН, П.НАРАНБАЯР НАР Ч ЯАХАВ

Г.Занданшатарын танхимаас нэгэнт явахаар болсон П.Наранбаяр, Б.Чойжилсүрэн нар явна биз. Эрчим хүчний салбар ямар байдалтай өвлийг давсныг хэн бүхэн мэднэ. Үнэхээр ажиллаж чадахгүй байгаа бол явахаас өөр яах юм. Боловсролын салбар ч дампуурахдаа тулсан гэдгийг салбарынхан ч хэлж байгаа, иргэд олон нийт ч хэлж байгаа учраас явах нь зөв. Тэдгээрийн оронд туршлага бүхий Л.Энх-Амгалан, ХҮН-ын төлөөлөл Б.Найдлаа нар ирнэ л биз.  


С.Данзан
 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.