0

МАН-д насаараа зүтгэж, түүний шанд өндөр дээд албан тушаал хашиж, парламентад олон удаа сонгогдсон ахмадууд бүгд л хорвоогийн жам даган, насны хярд гарч, хэлэх үгээ цэгнэхээс гадна хийх үйлээ хянах болжээ. УИХ-ын дарга асан Д.Лүндээжанцан, УИХ-ын дэд дарга асан Ж.Гомбожав гээд амьдралын жам ёсоор ач зээгээ эрхлүүлэн сууна. Ёстой л “Сайхан өвөө болно гэж бодсон чинь нэг л мэдэхэд сайхан эмээ болчихлоо” гэдэг лугаа насны намраа эдлэн сууна.
Үүний зэрэгцээ өтөлж чаддаггүй өвгөд ч бас байна. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, УИХ-ын дарга асан Ц.Нямдорж гээд дурдаад байхаар насны намраа эдлэн, налайж суугаа хэдээсээ ч олон өвгөн байх. Чухам юу дутлаа гэж зууралдаад байгааг ойлгох юм алга. Тэр тусмаа парламентад долоон удаа сонгогдож, УИХ-ын даргаар нэг удаа, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар гурван удаа томилогдож ажилласан Ц.Нямдоржид чухам юу дутуу орхисон болоод Төрийн ордон, Тусгаар тогтнолын ордноор гүйж залуусын дунд яс хаян явааг ойлгох юм алга.
Өчигдөр МАН-ын Бага хурал болоход Ц.Нямдорж хүрэлцэн ирж, “Сүүлийн хоёр Засгийн газар огцроход Я.Содбаатар буруутай. Хариуцлага тооц. Цөөнхдөө УИХ-ын даргын суудлаа өг” гэх мэтээр “үүрэгдсэн” нь олны дургүйцлийг хүргэсэн. Мөнхүү “Х.Булгантуяа цагт шахагдаж, хурал л удирдсан. Гэтэл ганц эмэгтэйгээ ялтан болгох ажлыг манайхан л хийж байгаа шүү” гэх зэргээр шүүмжилж байгаа нь яах аргагүй тэдний ар талд хор найруулж суусан өвгөн болж таарна.
МАН доторх цөөнх ч гэж юу байхав. Гэмт хэрэг өдүүлсэн асуудлаар албан тушаалаа өгч буусан Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, тэднийг хамгаалж Үндсэн хууль зөрчсөн Х.Булгантуяа нарыг л хэлж байгаа бололтой.
Тиймээс ч тэдний эсрэг зогссон Я.Содбаатарт хариуцлага тооцох юм байх. Өвгөний шуналынх нь тулам дүүрээгүй учраас түүнд залуус чухам юу амласан юм бол. Ахиад Хууль зүй, дотоод хэргийн сайд болох уу. УИХ-ын дарга болох уу. Эсвэл Ерөнхийлөгчид нэр дэвших алс хэтийн бодолдоо ийн шатаж явна уу, мэдэх юм алга. Яагаад ч нас нь хүрэхгүй биз дээ. Чухам юу дутуу орхисон болоод МАН дунд яс хаян тэнүүчилнэ вэ. Насаараа МАН-ын нэр дээр өндөр дээдэд заларсан байж өнөөдөр МАН-аа тараахаар шийдсэн хэрэг үү.
С.Данзан
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.