0

Хээрийн чонотой нийлсэн гэрийн жингэр хэцүү гэж хэзээний үгтэй. УИХ-ыг бойкотлох АН-ын улс төрийн акц амжилттай болоход яг үнэндээ МАН доторх урвагч нар жинтэй үүрэг гүйцэтгэсэн.
Угаас тэд ярьсанаасаа өөрийг хийж, амласнаасаа тэс өмнөөг бодож, амин хувийн ашиг хонжоондоо аазлны шүлс шиг торлогдсон албингууд.
Анх эхлээд тэд намын дарга л Ерөнхий сайд болчихвол бүх юм эх толгойгоо олж, эв нэгдэл хангагдаж, энэ төр минь амаржина гэх ухааны юм ярьцгааж байсан амных нь шүлс хатаж амжаагүй байхад адын далд шунал нь цухалзаж эхлэв.
Ардын намын бүлэг доторх “хорт хавдар” нь болчихоод буйгаа тэд өчигдөр шөнө дөнгөж томилогдсон Ерөнхий сайдаасаа сайдын суудал шантаажилж, спикерийн сэнтий шаардах байдлаар улаандаа гарав.
Тэдний тэргүүн эгнээнд Туулын бургасыг хядаж, Зайсан толгойг залгигч нэг нөхөр өөрийгөө спикер болно гэчихсэн эндүүрч хөөрөөд гүйж явна. Талбайн урд хийсэн “умдаган оргилуураа” бараг дэлхийн долоон гайхамшигийн нэгийг хийчихсэн мэт, газын дэлбэрэлт, гал түймэрт амиа алдсан хэдэн арван онцгойхоны төлөө гар сунгаж гавьяа байгуулсан мэт, засгийн хойморт шахам суучихаад Зандангийнхаа зүүн бөөрөнд хутгалж байгаад гардуулж хөөгдсөн булай явдлаа бараг л дайны баатар мэт хөөрчихсөн ярьж яваа нь гутамшиг.
Юм л бол үстэй цээжээ үзүүлэн болгон нүцгэлэх дуртай сахалтай нөхөр эхнэрээсээ өөр эмийн хормойд шургасан янагийн үнэр нь арилаагүй байхад төрийн хоймор луу сэм мөлхөж яваа үзэгдэх.
Бас болоогүй ээ үлдсэн хэд нь дор хаяж 5 сайдын суудал өгч танхимдаа багтаасан цагт чинь л эвлэрье гэж тулган шаардсан сурагтай.
Ийнхүү шинэ Ерөнхий сайд дөнгөж тамгаа авахтай зэрэгцээд түүний шинэ зовлон эхлэв.
Нэг урвасан хүн хоёр урвах юу ч биш гэдэг. Н.Учрал урваач нарт УИХ-ын даргын суудлаа алдвал засгаа занганд оруулж, насыг нь богиносгосноос өөрцгүй.
Наадуул чинь нэг л мэдэхэд засгийг чинь унагаах гээд Үндсэн хууль зөрчиж, үстэй толгойгоо арзайлган шөнөжингөө алх балбаж төрийн эргэлт хийх жинхэнэ төрх царайгаа харуулна.
Урваачийг өршөөвөөс угаас тэгж аминд хүрэх цөвтэйг мэддэг өвгөд минь тэднийг үеийн үед хуулийн буулга, цаазын илдээр гэсгээж ирсэн түүхтэй юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.