0

УИХ-ын даргад нэр дэвшиж буй С.Бямбацогт цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Тэрбээр "МАН-ын Удирдах зөвлөл, УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, УИХ-ын даргад намайг дэвшүүллээ. Намын дарга санал болгохдоо, 2008 оноос хойш тасралтгүй 5 удаа УИХ-д сонгогдож ажилласан туршлагыг үндэслэж нэр дэвшүүлж буйгаа хэлсэн. Монгол төрийн ажил тасралтгүй, тогтвортой явах ёстой. Өнөөдөр дэлхий нийтээр дайны байдалтай, нөхцөл байдал хүнд байна. Үүний сөрөг нөлөө Монголд орж ирж байна. Монголчууд маань төр түвшин, түмэн олон амгалан байх ёстой гэж ярьдаг. Энэ үүднээс хууль тогтоох дээд байгууллагын удирдлагыг яаралтай шийдэх, Засгийн газрын гишүүдийг яаралтай томилох шаардлага байна. УИХ-д таван нам суудалтай байгаа. Энэ намуудыг зөвшилцөж, ойлголцох талд илүү идэвх санаачилгатай ажиллах шаардлагатай.
Ний нуугүй хэлэхэд, УИХ дахь МАН-ын бүлгийн 68 гишүүн үл ойлголцлын асуудалтай байна. Үүнийг шийдэж, нэгдмэл байр суурьтай болгоход УИХ-ын даргын үүрэг оролцоо чухал. Үүнд анхаарч ажиллана. Надад туршлага байна. Намын эв нэгдлийг хангаж, гишүүдээ ойлголцуулах асуудалд хүндэтгэлтэй хандана. Мөн цөөнхийн илэрхийлж байгаа байр суурьт хүндэтгэлтэй хандаж, урагшаа харж, улс орон, ард түмний эрх ашгийг нэгдүгээрт тавина. Намын эрх ашиг хоёрдугаарт байх ёстой. Гуравдугаарт, үл ойлголцсон, нэгнээ гомдоосон байдлыг харж үзнэ.
Спикер гэдэг бол парламентад суудалтай намуудыг зөвшилцөж ойлголцох, хууль тогтоох байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй явуулах зэрэгт үндсэн чиг үүрэгтэй. Тиймээс улстөржилтийг аль болох хойш тавьж, зөрчилгүй явах талд анхаарна.
Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрын гишүүдийг томилж, танилцуулдаг. Тиймээс сайд нарыг томилуулахад аль болох зөрчилтэй байгаа талуудын байр суурийг сонсож, Засгийн газрын үйл ажиллагааг үргэлжлүүлж чадах туршлага, мэдлэг, чадвартай хүмүүсийг манай танай тал гэхгүйгээр бүрдүүлэх хэрэгтэй. Битгий ялгаварлаж хандаасай гэж байр сууриа илэрхийлнэ. Ерөнхий сайд маань энэ асуудалд хүндэтгэлтэй хандах байх.
Сандал ширээ, албан тушаалын төлөө би энэ суудалд очихгүй байгаа. Монгол төрд итгэх ард түмний итгэлийг сэргээх, хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, УИХ-ын гишүүдийн унаад байгаа нэр хүндийг сэргээх тал дээр ажиллах нь миний нэн тэргүүний зорилго байх болно. Энэ үүднээс УИХ-ын даргын суудлыг дараагийн албан тушаалын шат гишгүүр болгохгүй. 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй" хэмээн хэллээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.