0

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал шинээр бүрдүүлсэн Засгийн газрынхаа бүрэлдэхүүнийг танилцуулж, Батлан хамгаалахын сайдаар Д.Батлутыг улираан томилох шийдвэр гаргалаа.
Ингэснээр Д.Батлут Монгол Улсын Батлан хамгаалахын 30 дахь сайдаар үргэлжлүүлэн ажиллахаар болж, Засгийн газрын гишүүний тангарагаа өргөн үүрэгт ажлаа албан ёсоор хүлээн авлаа.

Энэхүү томилгоо нь дэлхийн геополитикийн нөхцөл байдал хурцдаж буй энэ үед үндэсний аюулгүй байдлын бодлогын залгамж чанарыг хадгалах, мөн салбарт эхлүүлсэн реформуудыг тууштай хэрэгжүүлэх стратегийн ач холбогдолтой алхам гэж үзэж байна.
Сайд Д.Батлут өнгөрсөн есөн сарын хугацаанд салбартаа бодит өөрчлөлтүүдийг эхлүүлж, олон жил гацсан асуудлуудыг шийдвэрлэхэд анхаарч ажилласан. Тухайлбал, “Хүн бол салбарын үнэт зүйл” зарчмыг баримтлан 14 жилийн турш шийдэгдээгүй байсан энхийг сахиулагчдын нөхөн олговрын асуудлыг 80/20 харьцаатай болгон өөрчилсөн нь онцлох үр дүн болсон юм.

Мөн 205 алба хаагчид нийт 4.1 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжийг орон сууцны урьдчилгаа хэлбэрээр олгож, ипотекийн зээлд дараалал харгалзахгүй хамруулах шийдвэрийг хэрэгжүүлжээ.
Үүнээс гадна Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 105 жилийн ойгоор “Алслагдсан бүсэд ажиллаж буй алба хаагчдын урамшуулал, мэргэшлийн зэргийн нэмэгдэл”-ийг Засгийн газрын хуралдаанаар батлуулан хэрэгжүүлсэн байна.
Салбарын техник, технологийн шинэчлэлийн хүрээнд зэвсэглэлээр хараат бус болох зорилт тавьж, сумны үйлдвэр, дотоодын радиостанц, симулятор зэрэг шийдлүүдийг нэвтрүүлж эхэлжээ. Мөн зөвхөн улсын төсөвт найдахгүйгээр уул уурхай, үйлдвэрлэлийн байгууллагуудтай хамтын ажиллагаа өргөжүүлэн, хөрөнгө оруулалт татах шинэ менежментийг хэрэгжүүлж эхэлсэн байна.
Гадаад харилцааны чиглэлд БНТУ, БНХАУ, Катар зэрэг улстай хамтын ажиллагааг өргөжүүлж, Киргиз Улсад сургалтын хөдөлгөөнт бүлэг илгээсэн нь Монгол цэргийн ур чадварыг олон улсад таниулах чухал алхам болжээ.
Түүнчлэн цэргийн албыг мэргэжил олгох тогтолцоотой уялдуулж, залуусыг гагнуурчин, цахилгаанчин, засалчин зэрэг эрэлттэй мэргэжлээр сургах нээлттэй хөтөлбөрийг эхлүүлээд байна.
Улиран томилогдсон сайд Д.Батлут цаашид зэвсэглэл, техникийн шинэчлэлийг үргэлжлүүлэх, батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэх, алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах зорилтыг дэвшүүлж, 2026 оныг “Хүн төвтэй хөгжил–Шинэчлэлийн жил” болгон зарлаад байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.