0

Манай www.dobu.mn сайт уншигч та бүхэндээ УИХ-ын 126 гишүүдийг А-Я хүртэл нэрсийн дарааллаар сонгогч олонд Фельетон хөрөг хэлбэрээр хүргэж эхлээд байгаа билээ.
Фельетон хөрөг нийтлэл нь нийгмийн гаж үзэгдэл, албан тушаалтнуудын ёс зүйгүй байдал, эсвэл хүмүүсийн хэвшмэл буруу ойлголтыг егөөдөл, хошигнон шоглосон, ёгт хэлбэрийн шүүмжлэлээр илэрхийлсэн сэтгүүл зүйн төрөл юм. Энд хүн гүтгэхгүй, харлуулахгүй бодит нөхцөл байдлыг хүргэнэ.
Энэ удаад та бүхэндээ 2024 оны УИХ-ын сонгуулиар МАН-аас УИХ-ын сонгуулийн 13-р тойрог буюу Багануур, Багахангай, Налайх дүүргээс нэр дэвшиж 16,539 хүний санал авч сонгогдсон УИХ-ын гишүүн Сайнбуянгийн Амарсайханыг онцолж байна.
С.Амарсайхан гишүүнийг “Зангараг, жудагаар гайгүй”,”Урваж нялцагнаад байхгүй чөмөг ясаар давгүй”, “Гэр бүл, анд нөхөрлөлдөө үнэнч” гэх мэтээр ярьцгаадаг. Мэдэх юм алга. МАН-ын дотоод зодооны үеэр Г.Занданшатарын танхимд ажиллаж байж түүний эсрэг явж, Шадар сайдын албаа өгч сул гишүүн болсон гэхээр нөхөрлөлдөө үнэнч байж болох л юм. Д.Амарбаясгаланг түшиж, сайдын суудалд заларсан хүн түүнийхээ талд л зогссон байх. Сайдын суудлын төлөө нөхөрлөлөөсөө урваж, дуугүй дүмбийж суусан бол харин ч тааруу эрийн шинж болох байв. Энэ үйлдлээс нь бол гайгүй ч эрийн хуйх юм уу даа гэж санах болсон.
Ямартай ч тэр сул гишүүн болсноор “Усанд хаясан чулуу” шиг сураг алдарсан. Сайдаас туугдах шахуу буусан хүн байна даа, шазуур зууж шаралхсандаа Г.Занданшатар руугаа эргэж ноцох, үгүй гэхэд ганц удаа хуцаж боргож болох л байсан. Харин тэр тэгээгүй, тэр чигтээ чимээ дарсан.
Улс төрд янз бүрээр л хэлэгдэж ирсэн хүний хувьд түүнд сайн нэр ч бий, муу нэр ч бий. Муу нь сайнаа хучихаар их ч байж мэднэ дээ. Улс төрд богино хугацаанд өндөр авсан төдийгүй ах дүүсээрээ бизнест хүчтэй байгаагийн цаана дардан зам гэж байхгүй. Улс төр, бизнесийн салбар бол алж талаад сүйд болдоггүй юм гэхэд ямар нэг буруу замаар явж байж л амжилт олдог талбар. Тэр тусмаа манай нөхцөлд их мөнгө, том улс төрийн ард цэвэр ариун нэр алдарын тухай саналтгүй.
С.Амарсайхан улс төрд одтой яваа шигээ бизнест бас одтой нэгэн. Зайсангийн аманд хэний эзэмшил объект, орон сууцны хороолол байна вэ гэхээр С.Амарсайханых. Зайсангийн ам, Туулын хөвөөнд ийн олноор нь газар эзэмшдэг аавын хүү хэд билээ гэхээр ер нь л хуруу дарам шүү. Ах дүүгээрээ нийлж “Оюуны ундраа” гэх группыг аль эртнээс байгуулан бизнесээ босгосон гэх ч үүндээ улс төрийн нэр нөлөөгөө ашиглаагүй гэхийн баталгаа тэмдэг хараахан үгүй.
Уг нь тэр НИТХ-ын даргаар ажиллахдаа чамгүй сайн ажилласан гэх пиар хаа сайгүй өрнөдөг ч НИТХ-ын дарга болох гэж хэрхэн хөглөснийг энд дурдаад яахав. С.Амарсайхан НИТХ-ын даргаар ажиллаж байхдаа “100 айл” болон нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа барилгын материалын зах, дэлгүүрүүдийг нүүлгэн шилжүүлэх НИТХ-ын тогтоол үйлдээд Засаг даргаа шахаж ажиллана гэдгээ эрсхэн мэдэгдэж байснаа биелүүлж эхэлж байсан нь үнэн. Бодит зүйл гэвэл Төмөр замын буудлын дэргэд байсан автомашины захыг асар их хэл аман дундуур “22-ын товчоо”-руу нүүлгэн шилжүүлсэн. Энэ мэтчилэн хэд хэдэн ажил санаачилж явтал Хотын даргаар дэвшүүлэн ажиллуулж, улмаар УИХ-ын гишүүн болчихсон. Хийсэн, сэдсэн ажил нь тэгсгээд замхарсан, замарсан. Монголд л болсон хойно, дараагийн хүн гарч ирээд өмнөх хүний эхлүүлсэн юуг ч үргэлжлүүлэх хүсэлгүй, өөрөө ахиад цоо шинийг эхлүүлэх амбицтай байдаг нь нууц биш шүү дээ.
Мартах шахаж. Бас нэг “том” ажил бий. Сүхбаатарын талбай тойруулан өндөр үнэтэй дөрвөлжин дөрвөлжин чулуунууд тавьсан. Сүүлдээ энэ чулуу хэнд ч хэрэггүй хог болж, хатуу хөл хорионы үед зам хаахад ашиглав. Бас л хэрэг болсон. Олон сая төгрөгийн өртгөөр авсан чулууг хаялтай биш, зам хаахад ч гэсэн ашигласан юм даг.
Мөнхүү Сүхбаатарын талбайн өмнөх цэцэрлэгийг устган цэвэрлэж, усан оргилуур хийсэн. Үүнийг хүмүүс одоо болтол “нүд үзүүрлэж” шүүмжилж байгаа харагддаг. Угтаа бол нэг компанийн мэдэлд өгчихсөн байсан газрыг төрд буцаан хурааж аваад, буцаад алдчихгүйн тулд усан оргилуур бариад тавьчихсан гэдэг юм билээ. Туулын бургасыг хядсан үйлийн үрээ цайруулах гэсэн ч юм бил үү, хэн мэдлээ.
Шадар сайдын албыг өөрийн нэг овог болтол хашсан С.Амарсайханы ах дүүс Улаанбаатар хотод нийт 2261 053 м.кв / хоёр сая хоёр зуун жаран нэгэн мянга тавин гурван м.кв/ буюу 226 га газар, ойлгомжтойгоор хэлбэл 3230 айлын хашааны газартай тэнцэх газар эзэмшдэг гэдгийг баримтаар дэлгэсэн нь бий. Энэ бол нэг томоохон сумын төв байрлах хэмжээний газар гэхээр “мундаг” байгаа биз.
Ер нь бол Улаанбаатарын хотод газар олгодоггүй, олдсон ч эрх мэдлийн хүрээнд хамгийн өндөр үнэтэй олдох Зайсан орчмыг тэдний ах дүүс эзэгнэсэн гэхэд болно. Одоо бидний мэдэх “Зайсан хилл” цогцолбор, “Зайсан скуэр” үйлчилгээний төв, “Зайсан виста” орон сууцны хотхон, “Z residence” тансаг зэрэглэлийн хотхоны суурь, “ЮКО” компанийн 4.9 га газар, үүний дэргэд С.Амарсайханы хувийн харш бий. Тиймдээ ч түүнийг “Зайсангийн зайран” гэж тодорхойлсон хэрэг. “Төрд хэрэгтэй зайран” гэдэг хэлц бий. С.Амарсайханы хувьд төдийгөөс өдий хүртэл төрд сайдын сэнтий, даргын суудалд заларсаар буйг тооцоход төрд хэрэгтэй нь үү, төрөл төрөгсөддөө л хэрэгтэй нь үү гэдгийг хэлэхэд хэцүү.
Түүний ахан дүүсийн бизнесийн хаяа хатавч зөвхөн Зайсан хавиар хязгаарлагддаггүй. Монгол Улсын дөрвөн зүг найман зовхист шахам түүний хамаарал бүхий компаниуд байгаа. Ах дүү олонтой айлын онцлог ч байж болно. Уул уурхайн салбарт “Нитросибир азиа”, “Сэнтрал азиан майнор металс”, “Норд стар минералис” гэх компаниуд бий.
С.Амарсайхан 2012 онд НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон, богино зайд асар хурдтай өндөр авсан хүн. Их хөрөнгө юуг ч хурдлуулж чаддаг хойно доо. Тэгээд ч “Баян хүн гурван төрд нүүртэй” гэдэг үнэн. Аль ч дарга сайдын үед адармаатай улс төрд НИТХ-ын дарга, Хотын дарга, УИХ-ын гишүүн, улмаар Шадар сайд болж чадсан. Шадар сайдаар хоёронтоо улираад ажиллачихсан. Ингээд эцэст нь анд нөхрөө дагаад, албан тушаалаасаа буугаад, тун ч удалгүй Хууль зүй, дотоод хэргийн сайд болон “эргэн ирж” байна. Үүнийг нь бодохоор өнөөх төрд хэрэгтэй зайран гэгч нь санаанд бууна.
С.Ууганбаяр
Хуваалцах:
"Могол ноос” ХХК “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд хүчин чадлаа нэмж, олон ажлын байр бий болгожээ
16 цагийн өмнө

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.