0

“Эхнэрийн урхи”-ийн Чон Гү Биний дүрээр танил болсон жүжигчин Бён Вү Миний амьдралын эргүүлэг
Монгол телевизүүдийн эфирээс салдаггүй, “үзэгчдийн хүсэлтээр” хэдэн үе дамжин гарч буй “Эхнэрийн урхи” (Temptation of Wife) киноны гол дүр Чон Гү Бинийг мэдэхгүй хүн ховор. Тэгвэл энэ дүрийн ард амьдралын хатуу сорилт, уналт босолтыг биеэр туулсан жүжигчин Бён Вү Миний кино шиг сонирхолтой түүхийг хуваалцья.
Бён Вү Мин 1964 онд Бусаны нэр хүндтэй, боловсролыг дээдэлдэг сэтээхэн гэр бүлд мэндэлжээ. Түүний аав сургуулийн захирал, их сургуулийн профессор хүн байсан бол ах эгч нар нь бүгд хууль, боловсролын салбарын нөлөө бүхий эрхмүүд болсон юм. Ийм орчинд өссөн түүнд сахилга бат, нэр төр хамгийн чухал үнэт зүйл байв. Багадаа нисгэгч болохыг мөрөөддөг байсан ч хараа муу гэсэн шалтгаанаар агаарын цэргийн академид элсэж чадаагүй ч, хожим нь бие даан хөнгөн онгоц жолоодох эрх авч мөрөөдлөө биелүүлсэн нь түүний тууштай занг илтгэдэг. Гэр бүлийнхэн нь түүнийг хуульч болохыг хүлээж байсан ч тэр урлагийн замыг сонгож, Сөүлийн театр кино урлагийн сургуульд элсэхээр бэлдэхдээ Бусанд 330 хүнээс ганцаараа тэнцэж чаджээ.
Тэрбээр Бусан нутгийн аялгаа засахын тулд амандаа харандаа зууж, стандарт солонгос хэлээр ярьж сурах хүртлээ уйгагүй бэлтгэл хийдэг байв. Энэхүү хичээл зүтгэлийн үр дүнд тэрбээр 1990-ээд оны эхээр Солонгосын хамгийн алдартай залуу оддын нэг болж, охидын "уба" болж, бүр Хонконгт хүртэл уригдан кинонд тоглох болсон анхны солонгос жүжигчдийн нэг юм.
Гэвч 1992 онд түүний амьдралд хамгийн том ан цав гарсан нь цэргийн албанаас зайлсхийсэн хэрэг байв. Зам тээврийн ослын хуурамч бичиг баримт ашиглан цэргийн албанаас чөлөөлөгдөх гэж оролдсон нь илэрч, Солонгос даяар асар том дуулиан дэгдэж бүүлийд өртөж байв.
Цэргийн алба бол Солонгост эр хүний нэр төр, хариуцлагын хэмжүүр болдог тул энэ хэрэг боловсролтой, нэр хүндтэй түүний гэр бүлд нөхөж баршгүй гутамшиг болсон юм. Телевизийн сувгууд түүнийг хар жагсаалтад оруулж, түүнд хаалгаа хааж, мөн хайртай бүсгүйгээсээ салж, олны нүднээс дайжин уулын сүмд хэсэг хугацаанд ганцаар амьдарчээ.
Гурван жилийн нам гүм байсны эцэст 1995 онд "Sandglass" драмагаар эргэн ирж, 1996 онд гол дүрд нь тоглосон цуврал нь 30 хувийн рейтинг үзүүлснээр тэрбээр өөрийгөө дахин баталж чадсан юм. Харин түүний карьерын "хоёр дахь оргил" нь 2008 оны “Эхнэрийн урхи” байлаа. Чон Гү Биний дүрээр бараг ази даяар "муу нөхөр"-ийн бэлгэ тэмдэг болж, үзэгчдийн уур бухимдлыг дээд цэгт нь хүргэсэн нь жүжигчний хувьд асар том ялалт байв. Нэгэн цагт бодит амьдрал дээр нийгмийн шүүмжлэлийн бай болж байсан тэрбээр энэ удаад дэлгэцийн дүрээрээ үзэгчдийн сэтгэл хөдлөлийг удирдаж, Солонгосын хамгийн алдартай драмны нүүр царай болж чадсан юм.
Бён Вү Мин 2010 онд өөрөөсөө 19 насаар дүү бүсгүйтэй гэрлэж, 2013 онд анхны хүүхдээ өлгийдөн авснаар амьдралынхаа хамгийн тайван, жаргалтай үетэй золгожээ.
Нийт 9 бүрэн хэмжээний кино, 20 гаруй телевизийн цувралд дүр бүтээсэн түүний түүх бол алдаж болох ч, эргэж босох хүч хүнд үргэлж байдгийг харуулсан амьд жишээ билээ. Бидний мэдэх "мангар" Чон Гү Биний цаана дүрээсээ тэс өөр, авьяаслаг, тууштай нэгэн алдартны сонирхолтой түүх ийнхүү өрнөжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.