0

Дөнгөж сая дууссан Засгийн газрын хуралдаанаас нэлээд олон шийдвэр гарлаа. Эдгээрээс манай сайт Ерөнхий сайдын алх цохин баталсан ААН, хувь хүмүүсийн эрхлэх 8 төрлийн 146 нэрийн бизнес, үйлчилгээг эхлүүлэхэд ямар нэг зөвшөөрөл, бичиг баримт хөөцөлдөх шаардлагагүй болсон журмыг онцолж байна.
Өчигдрийг хүртэл зарим үйлчилгээний зөвшөөрлийг гаргуулах гэж бараг 150 шахам шат дамжлагаар дамждаг, олон төрлийн дүгнэлт, гэрээ, баталгаажилт гээд тоо томшгүй олон цаас бүрдүүлж, үүндээ хамгийн багадаа 3-5 сарын хугацаа зарцуулдаг байжээ. Ганц үсчин нээх гэж багадаа хоёр сар болдог байсныг Ерөнхий сайд дурдлаа.
Төрийн үйлчилгээг авч байгаа нь ч, өгч байгаа нь ч асар хүнд замыг туулдаг харанхуй үе ийнхүү ард хоцорч байгаа юм байна.
Бизнес эрхлэгчдэд эрх чөлөө авчирч буй энэ шийдвэр нийгмээс талархлыг хүлээх нь дамжиггүй биз ээ. Өнөөдрөөс эхлээд иргэд ebusiness сайт, апп руу ямар ч төрлийн төхөөрөмжөөр нэвтрэн орж хариуцах байгууллага руу нь мэдэгдэл илгээгээд л үйл ажиллагаагаа шууд эхэлнэ. Үүнд Дугуй засвар, 8 нэрийн дэлгүүр, Супермаркет, Үсчин, Гоо сайхан, Маникюр, Фитнесс төв, Кофе шоп зэрэг үйлчилгээний төрлүүд багтаж байна. Засгийн газар иргэд, бизнес эрхлэгчдээ бүх талаар дэмжиж, төрийн аливаа хориг саадаас бүрэн чөлөөлнө гэж мэдэгдсэн Ерөнхий сайдын амлалт хэрэгжиж эхлээд буй нь энэ юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.