0

Гэмтэл согог судлалын үндэсний төвд бүртгэгдсэн цахилгаан дугуй, суррон, скүүтер, мопед зэрэг бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 2022-2025 оны хооронд огцом нэмэгдэж, 6 дахин өссөн үзүүлэлттэй байна.
Тодруулбал, 2022 онд 50 тохиолдол бүртгэгдэж байсан бол 2023 онд 305, 2024 онд 532 болж өссөн байна. Харин 2025 онд энэ тоо эрс нэмэгдэж, нийт 2,792 хүн гэмтэж, бэртжээ.
Мөн 2026 оны 4 дүгээр сарын 10-наас 14-ний өдрүүдэд л гэхэд цахилгаан моторт бичил тээврийн хэрэгсэлтэй холбоотой 48 осол, гэмтлийн тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс 73 хувь нь эрэгтэй, 27 хувь нь эмэгтэй байжээ.
Осолд өртсөн нөхцөл байдлыг авч үзвэл, мопедтой зорчиж байх үед 51.8 хувь нь онхолдож, 37 хувь нь суудлын автомашинд мөргүүлсэн байна. Скүүтер, суррон, цахилгаан дугуйтай үед ч мөн адил ихэнх тохиолдолд онхолдох болон автомашинтай мөргөлдөх шалтгаан давамгайлжээ. Харин явган зорчигчдын хувьд мопед болон сурронд мөргүүлэх тохиолдол бүртгэгдсэн байна.
Гэмтэж бэртсэн иргэдийн дийлэнх нь хамгаалах хэрэгсэл хэрэглээгүй байгааг онцолж байна. Тодруулбал, осолд өртөгсдийн ердөө 12.5 хувь нь хамгаалах малгай өмссөн бол 87.5 хувь нь малгай хэрэглээгүй байсан нь толгой, нүүрний гэмтэлд өртөх эрсдэлийг нэмэгдүүлж байгаа аж. Мөн 4.2 хувь нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ осолд орсон байна.
Гэмтлийн төрлөөр нь авч үзвэл 27 хувь нь толгойн гэмтэл, 25 хувь нь өвдөг, шилбэний гэмтэл, 16.6 хувь нь шагай, тавхайн гэмтэл эзэлж байна. Үүнээс гадна гар, тохой, хэвлий, мөр зэрэг биеийн бусад хэсгийн гэмтэл ч мөн цөөнгүй хувийг эзэлж байгаа юм.
Иймд иргэдийг бичил тээврийн хэрэгсэл ашиглахдаа хамгаалах хэрэгсэл тогтмол хэрэглэх, замын хөдөлгөөний дүрмийг чанд мөрдөхийг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.