0

Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд төрийн үйлчилгээ хүнлэг бус, хүртээмжгүй хүрсэн асуудлаар шалгалт хийж, холбогдох албан хаагчид хариуцлага тооцжээ
Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-оос иргэний гомдлын дагуу Чингэлтэй дүүрэгт гарсан төрийн үйлчилгээний зөрчилд дотоод хяналт шалгалт зохион байгуулж, илэрсэн зөрчлийг арилгуулах чиглэлээр зөвлөмж хүргүүлсэн байна.
Гомдолд дурдсанаар, Чингэлтэй дүүргийн нэгэн хорооны оршин суугч, хэвтрийн байдалтай иргэн Д.Э хөдөлмөрийн чадвар алдалтын бичиг баримт бүрдүүлэх зорилгоор тоон гарын үсэг авах хүсэлт гаргажээ. Гэвч холбогдох байгууллагаас биечлэн ирэхийг шаардсаны улмаас уг иргэнийг дамнуургаар зөөвөрлөн хорооны байранд авчирч үйлчилгээнд хамруулсан байна.
Шалгалтаар тухайн иргэнд биечлэн очих боломжгүй нөхцөлийг харгалзан үзэлгүй, иргэний үнэмлэхийн мэдээлэлд тулгуурлан зайнаас үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлээгүй, ойлгомжгүй, тодорхойгүй зааварчилгаа удаа дараа өгсөн нь тогтоогджээ. Улмаар хэвтрийн өвчтэй иргэнд хүндрэл учруулж, төрийн үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай, хүнлэг байдлаар үзүүлээгүй гэж дүгнэсэн байна.
Түүнчлэн уг үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтууд болон Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэж үзжээ. Иймд Улсын бүртгэлийн байгууллагад дотоод хяналтыг сайжруулах, цахим үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхдээ зорилтот бүлгийн иргэдийн ялгаатай хэрэгцээг харгалзах, үйлчилгээ авах нөхцөлийг сайжруулах чиглэлээр зөвлөмж өгсөн байна.
Зөвлөмжийн хэрэгжилтийн хүрээнд Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэргэдэх Ёс зүйн дэд хорооноос 2026 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр хуралдаж, улсын бүртгэгч А.М-ийг ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэжээ. Улмаар холбогдох албан хаагчид хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцож, цаашид ижил төрлийн зөрчил гаргахгүй байх чиглэлээр дотоод зохион байгуулалт, арга зүйн удирдлагыг сайжруулах үүрэг өгсөн байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.