0

Шалгалтаар нэр бүхий этгээдүүд бүлэглэн зохион байгуулалттайгаар тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлож, боловсруулах үйл ажиллагаандаа ДЭМБ-аас хүний эрүүл мэндэд хамгийн хортой 10 бодисын нэгт багтдаг мөнгөн усыг ашиглаж, хадгалж байсан нь тогтоогдсон байна. Уг хэрэгт холбогдуулан 915 грамм мөнгөн усыг эд мөрийн баримтаар хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Мөнгөн ус нь байгаль орчинд задрахгүй, хэлбэрээ өөрчилж хорт чанараа хадгалдаг онцгой аюултай бодис бөгөөд хүний биед агаар, ус, хоол хүнсээр дамжин орж тархи, мэдрэлийн систем, бөөр, уушгийг гэмтээдэг байна. Ялангуяа жирэмсэн эх болон нярай хүүхдэд хүндээр нөлөөлж, хараа, сонсголын бэрхшээл, оюуны хомсдол зэрэг ноцтой үр дагаварт хүргэх эрсдэлтэйг мэргэжилтнүүд анхаарууллаа.
Монгол Улс 2007 оны Засгийн газрын тогтоолоор мөнгөн усыг хориглосон химийн хорт бодисын жагсаалтад оруулсан бөгөөд 2015 онд “Минамата”-ийн конвенцид нэгдэн орж, хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа юм.
Холбогдох хуулиар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох, мөн химийн хорт бодисыг хууль бусаар ашиглах, хадгалах, тээвэрлэх зэрэг үйлдэлд нэгээс таван жил хүртэл хугацаагаар хорих эсвэл торгох ял оногдуулах зохицуулалттай байна.
Цагдаагийн байгууллагаас иргэдийг хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн талаар мэдээлэл өгөхийг уриалж, 102 болон 70191070 тусгай дугаарын утсанд хандах боломжтойг анхаарууллаа.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.