0

Дэлхийд нэр хүндтэй Blackpink хамтлагийн дуучин, жүжигчин Ким Жисү энэ сарын 23-28-ны хооронд Францын Канн хотноо зохион байгуулагдаж буй Каннын олон улсын цуврал наадам (Canneseries)-аас олгодог нэр хүндтэй Madame Figaro Rising Star Award шагналыг хүртлээ.
Тус шагналыг салбартаа онцгой амжилт гарган, нөлөө бүхий уран бүтээлчдэд олгодог бөгөөд наадмын нээлтийн ёслолын үеэр гардууллаа. Өмнө нь Сидней Суини, Дэйзи Эдгар-Жонс, Мари Коломб, Элла Пурнелл, Морфидд Кларк, Фиби Диневор зэрэг уран бүтээлчид энэхүү шагналын эзэд болж байсан юм.
Наадмын уран сайхны захирал Албин Леви Жисүгийн уран бүтээлийн замнал, шинэ сорилтыг зоригтой даван туулах чадвар болон дэлхийн хэмжээний нөлөөг онцлон, түүнийг энэхүү шагналын төгс эзэн хэмээн тодорхойлжээ.
Жисү нь 2016 онд Blackpink хамтлагийн бүрэлдэхүүнд дебютээ хийснээс хойш дэлхийн поп соёлын хамгийн нөлөө бүхий оддын нэг болж, олон улсын хэмжээний аялан тоглолтуудаараа рекорд тогтоож, стриминг үзүүлэлтээр тэргүүлсээр ирсэн. Түүнчлэн тэрбээр 80 сая гаруй дагагчтай сошиал хаягаараа Солонгосын хамгийн нөлөө бүхий уран бүтээлчдийн нэгт тооцогддог.
Сүүлийн жилүүдэд Жисү жүжигчний карьераа амжилттай хөгжүүлж, Snowdrop цувралд анхны гол дүрээ бүтээн олны анхаарлыг татсан бол Dr. Cheon and Lost Talisman кинонд онцлох дүр бүтээжээ. Мөн 2025 онд Omniscient Reader: The Prophecy болон Newtopia цувралуудад тоглосон бөгөөд хамгийн сүүлд Boyfriend on Demand цувралд гол дүрийг бүтээсэн байна.
Түүний жүжиглэлт олон улсын шагнал гардуулах ёслолуудаас өндөр үнэлгээ авч, Шилдэг шинэ эмэгтэй жүжигчин, Шилдэг эмэгтэй жүжигчин, Халлю драмын жүжигчин зэрэг нэр хүндтэй шагналуудыг хүртээд байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.