0

ИЗНН-д үүссэн нөхцөл байдал хаашаа эргэх нь Улсын дээд шүүхийн асуудал болсон нь хоёр талд гараад үзэж байгаа ИЗНН-ын дарга Б.Батбаатар, УИХ-ын гишүүн Р.Батболд нарыг эвгүй байдалд оруулаад байна. Учир нь Б.Батбаатар, Р.Батболд гэх хоёр талаас өгсөн дүрмийн өөрчлөлтийг Улсын дээд шүүх хоёуланг нь хянаж үзээд хариу өгнө гэдгээ мэдэгдээд байгаа.
Үйл явдлыг эргэн сануулахад, ИЗНН-ын дарга Б.Батбаатар өнгөрөгч гуравдугаар сард ИЗНН-ын байгуулагдсан өдөр хуралдаан зарласан, гэтэл нөгөө талд УИХ-ын гишүүн Р.Батболд даргынхаа тамгыг булаалдаж "Онц их хурал" зарлан хуралдуулж, өөрийгөө ИЗНН-ын даргаар тодруулчихсан. Харин ИЗНН-ын дарга Б.Батбаатар “Онц их хурал”-ыг хууль бус шийдвэр нь хүчингүй хэмээж, өнгөрөгч 26-ны өдөр 13 дугаар Их хурлаа зохион байгуулчихсан. Ингэснээр ИЗНН хоёр тасран, Улсын дээд шүүхэд шинэ дүрмээ батлуулахаар өгцгөөгөөд байна.
Мөн ИЗНН-ын дарга Б.Батбаатар Р.Батболдыг намын дотоод журам зөрчсөн хэмээн намаас хөөх шийдвэр гаргасан байдаг. Улмаар жагсаалтын гишүүнээ хэрхэхийг нам өөрөө мэднэ хэмээн Р.Батболдын оронд нь ИЗНН-ын жагсаалтын тавдугаарт бичигдсэн Т.Бат-Эрдэнийг УИХ-д оруулж ирэх тухай ч ярих болов.
Хэдэн жилийн өмнө О.Баасанхүү Ерөнхийлөгч асан Х.Баттулгын санхүүжилтээр МАХН-ын Их хурлыг Төрийн ордонд зохион байгуулж, өөрийгөө даргаар өргөмжилсөн. Харин тус хуралдаанаас гаргасан шийдвэр, дүрмийн өөрчлөлтийг Улсын дээд шүүх ч бүртгэж аваагүй. Түмний доог болоод дууссан.
Б.Батбаатарын талаас Р.Батболд ИЗНН-ын Үндэсний хороо, Улс төрийн зөвлөл, Их хурал гээд аль ч шатанд хуралдаж шийдвэр гаргаагүй байхад хэдэн нөхөд дүрэм зөрчин, нэг нь өөрийгөө даргаар өргөмжилсөн гэж байгаа.
Тиймээс Улсын дээд шүүх Р.Батболдын “Онц их хурал”-аас гаргасан шийдвэр, дүрмийг хүлээн зөвшөөрөхгүй бол О.Баасанхүү шиг түмний доог болох төдийгүй УИХ-ын гишүүний суудлаа ч алдаж мэдэхээр нөхцөл байдал үүснэ.
Хэрвээ Улсын дээд шүүх Б.Батбаатарын зохион байгуулсан хуралдаанаас гаргасан шийдвэр, дүрмийг хүлээн зөвшөөрөхгүй бол түүний хувьд ч эвгүй байдалд орж, ИЗНН-ын даргын суудлаа өгөхөөс өөр аргагүй. Юун Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН-тай тохиролцох вэ болно.
С.Данзан
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.