0

Бэлэн гоймон буюу раментай кола, нимбэгний ундаа зэрэг хийжүүлсэн ундаа уух нь судасны болон ясны эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй юм. Учир нь рамены өндөр натрийн агууламж болон хийжүүлсэн ундаанд агуулагдах фосфорын хүчил нь хүний биеийн кальцийг хоёр дахин бууруулдаг байна.
Солонгосын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх агентлагаас саяхан гаргасан Үндэсний эрүүл мэнд, хоол тэжээлийн судалгааны үр дүнгээс харахад солонгосчуудын кальцийн хэрэглээ эрэгтэйчүүдийн зөвлөсөн стандартын ердөө 69.1%, эмэгтэйчүүдийн 61.5%-д хүрсэн бол натрийн хэрэглээ стандартаас мэдэгдэхүйц давж, эрэгтэйчүүдийн 160.6%, эмэгтэйчүүдийн 115.7%-д хүрсэн байна.
Хүнс, эмийн аюулгүй байдлын яамны хийсэн дүн шинжилгээгээр 2023 онд солонгосчуудын өдөр тутмын натрийн дундаж хэрэглээ 3,136 мг байсан нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын зөвлөсөн 2,000 мг стандартаас 1.6 дахин их байна. Рамен, напа байцааны кимчи нь 65 ба түүнээс дээш насныхныг эс тооцвол бүх насны бүлгүүдийн натрийн хэрэглээний тэргүүлэх хоёр хоол хүнс байв.
Раменд агуулагдах натри нь бөөрөөр дамжин гадагшлахдаа кальцийг авч явдаг. Хийжүүлсэн ундаанаас гаргаж авсан фосфатыг аль хэдийн кальци дутагдалтай хоолны дэглэмд нэмэхэд кальцийн шингээлт өөрөө хаагддаг. Бие махбодь кальци, фосфорын харьцааг 1:1 байлгах шаардлагатай боловч фосфатын хэт их хэмжээ нь энэ тэнцвэрийг алдагдуулдаг. Кола зэрэг кофейн агуулсан хийжүүлсэн ундаа нь бөөр болон нарийн гэдсэнд кальцийн ялгаралтыг нэмэгдүүлдэг.
Солонгосын Дэдун эмнэлгийн үе мөчний төвийн захирал Ли Жи Мин "Хэт их натрийн хэрэглээг зөвхөн цусны даралтын асуудал гэж үздэг ч натри, кальцийн дутагдал нэгэн зэрэг үйлчилбэл биеийн кальцийн тэнцвэр алдагдаж болзошгүй" гэжээ.
Хэрэв кальцийн дутагдал үргэлжилсээр байвал бие махбодь цусан дахь кальцийн түвшинг хадгалахын тулд яснаас кальцийг авдаг. Хэрэв энэ үйл явц давтагдах юм бол ясны нягтрал буурч, ясны сийрэгжилтэд хүргэдэг.
Бас нэгэн судалгаагаар Солонгосын өсвөр насныхны өдөр тутмын кальцийн дундаж хэрэглээ нь санал болгож буй хэмжээнээс ердөө 56.7% байдаг бөгөөд кальцийн дутагдалтай өсвөр насныхны хувь 81.5% хүрсэн байна. Ясны үүсэл хамгийн идэвхтэй үед рамен, кола хослуулж давтан хэрэглэх нь насанд хүрсэн хойно нь тухайн хүний ясны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй аж.
Цусны судаснуудад учрах аюул нь бас чухал юм. Хэт их натрийн хэрэглээ нь цусны урсгалыг нэмэгдүүлж, цусны судасны хананд дарамт учруулдаг. ДЭМБ-аас натрийн хэрэглээ 6 гр тутамд (давсны агууламж дээр үндэслэн) зүрхний титэм судасны өвчнөөр нас барах түвшин 56%-иар, зүрх судасны өвчнөөр нас барах түвшин 36%-иар өсдөг гэж анхааруулж байна.
Нэг уут рамен нь 1700-1900 мг натри агуулдаг бөгөөд энэ нэг удаагийн гоймон нь ДЭМБ-ын зөвлөсөн өдөр тутмын хэрэглээнд ойртдог гэсэн үг юм. Дэлхийн рамен гоймонгийн холбоо (WINA)-ны мэдээлснээр, 2024 оны байдлаар Солонгост нэг хүнд ногдох рамены жилийн хэрэглээ 79 уут бөгөөд энэ нь Вьетнамын дараа дэлхийд хоёрдугаарт ордог аж.
Рамен чанах, идэх аргыг өөрчлөх замаар натрийн хэрэглээг мэдэгдэхүйц бууруулж болно. Рамены амтлагч нь нийт натрийн 70-90%-ийг агуулдаг тул талыг нь хийж хэрэглэснээр 30-50%-иар бууруулж, шөлнийхөө тал хэсгийг үлдээх нь нэмэээд 30-40%-иар бууруулах боломжтой аж. Мөн хийжүүлсэн ундааны оронд ус эсвэл сүү уух нь фосфорын хүчлийн илүүдэлээс зайлсхийхээс гадна кальцийн алдагдлыг хэсэгчлэн нөхөхөд тустай байдаг гэж зөвлөж байна.
Манай улсын хувьд өсвөр насныханд бэлэн гоймон, хийжүүлсэн ундааны хосолсон хэрэглээ харьцангүй өндөр анзаарагдаж байгаа тул эцэг эхчүүд мөн өөрсдөө анхаарах л асуудал болж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.