0

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын удирдах ажилтны зөвлөлдөх уулзалтад аймгуудын Засаг дарга, ХХААГ, МЭГ-ын дарга, хэлтсийн дарга нар болон ХХААХҮЯ-ны бүтцийн нэгж, харьяа байгууллагын удирдлагууд оролцлоо.
УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат, УИХ-ын Байгаль орчин, хүнс, аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен нар уулзалтыг нээж, салбарын бодлого, чиглэлийн талаар үг хэлж, мэндчилгээ дэвшүүлэв.
Зөвлөлдөх уулзалтын үеэр салбарт хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны чиглэлийг танилцуулж, аймгуудын ХХААГ-ын 2025 оны үйл ажиллагаанд хийсэн үнэлгээ, дүгнэлт, мал аж ахуй, газар тариалан, хүнс, хөнгөн үйлдвэрийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, улсын төсөв, санхүүжилт, хүний нөөцийг бэхжүүлэх бодлогын асуудлуудыг хэлэлцлээ. Мөн “Туслах малчны тухай” анхдагч хуулийн төсөл болон Малын тоо толгойн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг эрх зүйн орчныг сайжруулах төслүүдийг танилцуулсан байна.
Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат аймгуудын Засаг дарга нартай “Нутагтаа эзэн 100:1000” төслийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа. Уг төсөл нь бэлчээрийн мал аж ахуйн хөгжлийг дэмжих зорилготой бөгөөд 16 аймгийн 16 сумын 16 багт хэрэгжиж, нийт 100 га талбайд ногоон тэжээл тариалах юм.
Монгол Улсын хэмжээнд ногоон тэжээл тариалах шаардлагатай 1,071 баг байгаа бөгөөд эргэлтэд оруулаагүй 112,265 га атаршсан талбайг ашиглан малчдад дэмжлэг үзүүлэх боломж бүрдэж байна. Төслийн хүрээнд малчид хоршин ажиллаж, тэжээл тариалан хэрэгцээгээ хангахаас гадна илүү гарсан бүтээгдэхүүнээ борлуулж, орлогоо нэмэгдүүлэх нөхцөл бүрдэх юм.
Ийм туршлагыг Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд амжилттай хэрэгжүүлж, өрхийн орлого нэмэгдсэн бодит үр дүн гарсан байна.
Сүүлийн жилүүдэд малын тоо толгой өсөхийн зэрэгцээ бэлчээрийн даац, тэжээлийн хангамжийн асуудал тулгамдаж буйг онцолж, цаашид тогтвортой, хариуцлагатай мал аж ахуйг хөгжүүлэх бодлого чухал байгааг хэлэлцлээ.
Мөн тавдугаар сарын 5-нд аймгуудын ХХААГ болон мал аж ахуйн албаны дарга нарт зориулсан ур чадвар, манлайллын сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.