dobu.mndobu

БИД ТҮҮНИЙГ ГАРГАЖ ИРСЭН. БИД ТҮҮНИЙГ БУУЛГАХ БОЛНО

0

НийтлэлчAdmin

Огноо2026-05-06

БИД ТҮҮНИЙГ ГАРГАЖ ИРСЭН. БИД ТҮҮНИЙГ БУУЛГАХ БОЛНО

Х.Баттулга хувь хүнээрээ үнэхээр чадалтай, санасандаа хүрдэг мундаг эр. Гэхдээ Ардчилсан намд болон Монгол Улсдаа тэрээр олон таагүй жишиг, уур амьсгал авчирсан нь бас үнэн.

Түүнийг улс төрд ирэхээс өмнө эрхбиш эрдэм боловсролтой, гадаад дотоодод их сургууль төгссөн, академик мэдлэгтэй хүмүүс төрийн удирдах албанд ажилладаг, ард иргэд ч тэгж ойлгодог, тиймдээ тодорхой хэмжээний төрдөө итгэх үнэмшил, хүндэтгэл гэж байдаг байв.

Хүн бүр мундаг боловсрол эзэмших албагүй, гэхдээ боловсрол эзэмшсэнийгээ сонсож, асуудлыг шийддэг байвал бид илүү хурдан урагшилж, хөгжих нь тодорхой юм. Тиймээс л ард түмнийг удирдаж, шийдвэр гаргах хүмүүсээс мэргэжсэн байдал, боловсорсон байдал, төлөвшсөн байдал зэргийг нь шалгуур болгодог нь дэлхий дахинд тогтсон, ялангуяа хөгжингүй орнуудын энгийн хэм хэмжээ билээ.

Харин бид (манай Ардчилсан нам) Х.Баттулгыг гаргаж ирсэн. Их өндөрт гаргасан. Тэр цагаас хойш Монголын нийгэмд “бичиг үсэггүй байх тусам илүү сайн хүн” гэсэн ойлголт тархаж, бараг идеологи болох шахав. Удаа дараалсан удирдагчид маань дандаа л дунд боловсролтой, эсвэл хаана байдаг нь мэдэгдэхгүй жижигхэн дээд сургуулийн “дипломтой” байдаг болж. Яг л тэр цагаас эхлэн Монголын ардчилсан үзэл санаа аажмаар хэлбэрээ өөрчилж, бөхөж, чөлөөт зах зээлийн ойлголт эргээд биднээс алсарсаар өнөөдрийг хүрчихлээ. Онол ярих, эрдэм ярих, учир зүй ярих хүнгүй болсон гэсэн үг. Үнэхээр туг дэрвүүлж, тайзан дээрээс л манлайлахгүй бол удамжнаас мянга хашгирч, бичээд нэмэр нь бага л байдаг юм. Өдгөө бид коммунист гэж хочилдог МАН-ын залуу ерөнхий сайд биднээс илүү эрх чөлөөг тунхаглан зарлаж байхыг үзэж байна. Түүний тэс эсрэг талд нь АН-ын томоохон лидер Х.Баттулга маань хар туг болон намирч байгааг бид харин мэднэ.

Энэ бол Ардчилсан намын хувьд агшилт, бууран доройтол болно. Мэдээж жагсаалтын хоёрт байдаг нам тул УИХ-д үргэлж л суудалтай байх биз. Гэхдээ үзэл санаагаа алдана, арилжааны халаасны нам болж хувирна. Энэ хувирал эхэлчихсэн явж байгааг бид 2024 оны сонгуулиар ил тод харсан. Энэ бол Х.Баттулгын манай намд үзүүлж буй үр нөлөө юм. Тэр бол үзэл санааны манлайлагч биш, үзэл санаатай ч хүн биш. Харин хэзээ ч биелэхгүй нэгэн “том юм” яриад, “үүнийг чадна гэсэн зориг байхад л болно” гэсэн тунхаглалтай, сайхан дүр төрхтэй, цэвэр ажил хэргийн гэхээсээ “тус өгөлцөж авалцдаг нөхөд”-ийг өөртөө цуглуулдаг л нэгэн хувь эр хүн. Ийм хүн Монгол Улсдаа ямар хортой болохыг түүний Ерөнхийлөгчөөр ажилласан жилүүдэд бид харсан. Монгол улс үндсэндээ дэлхийд “байгаагүй” шүү дээ.

Тэр одоо АН-ын Генсекд Батцогтыг зүтгүүлж нам доторх нөлөөгөө хадгалах гэж байна. Үүнийг таслан зогсоох нь бидний ариун үүрэг буюу. Түүнийг зогсоох ганц л арга бий, тэр Ардчилсан намд байр суурьгүй болох ёстой. Харин үүнийг ардчилсан намынхан л өөрсдөө хийж чадна.

 Бид түүнийг гаргаж ирсэн. Бид түүнийг буулгах болно журмын нөхөд минь!

Ардчилсан намын хэсэг нөхөд

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.