dobu.mndobu

Мальдивын усанд шумбаж байсан Италийн 5 иргэн амиа алджээ

Мальдивын усанд шумбаж байсан Италийн 5 иргэн амиа алджээ

Мальдив улсад болсон шумбалтын ослын улмаас Италийн таван иргэн амиа алдсан талаар Италийн Гадаад хэргийн яам мэдээллээ.

Албаныхны мэдээлснээр осол Вааву Атолл бүсэд болсон бөгөөд шумбагчид 50 метрийн гүнд орших агуйг судлах үеэр харамсалтайгаар амиа алджээ.

Амиа алдсан хүмүүсийн дөрөв нь Генуягийн их сургуулийн судалгааны багийн гишүүд байсан бөгөөд тэдний дунд экологийн профессор Моника Монтефальконе, түүний охин, мөн хоёр судлаач багтсан байна.

Мальдивын Зэвсэгт хүчин нэг цогцсыг 60 метрийн гүнд байрлах агуйгаас олсон бөгөөд бусад дөрвөн хүний цогцос мөн тэнд байгаа гэж үзэж буйгаа мэдэгджээ. Тус бүсэд тусгай тоног төхөөрөмжтэй шумбагчид ажиллаж байгаа бөгөөд эрэн хайх ажиллагааг “өндөр эрсдэлтэй” гэж тодорхойлсон байна.

Ослын үеэр Италийн 20 иргэн Duke of York хөлөг дээр байсан ч тэд гэмтэж бэртээгүй бөгөөд Италийн Элчин сайдын яамнаас тусламж авч байгаа аж.

Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр таван шумбагч пүрэв гарагийн өглөө шумбалтад орсон ч эргэн гадаргуу дээр гарч ирээгүй тул сураггүй болсон байна. Цаг агаарын нөхцөл таагүй, далайн урсгал хүчтэй байсан талаар цагдаа нар мэдээлжээ.

Генуягийн их сургууль хохирогчдыг профессор Моника Монтефальконе, оюутан Жоржиа Соммакал, судлаач Муриэл Одденино, далайн биологич Федерико Гуальтиери хэмээн нэрлэсэн бол тав дахь хохирогч нь шумбалтын багш Жанлука Бенедетти байжээ.

Ослын шалтгаан одоогоор эцэслэн тогтоогдоогүй байгаа ч шумбалтын мэргэжилтнүүд “хүчилтөрөгчийн хордлого” үүссэн байх магадлалтай гэж үзэж байна. Тэдний хэлснээр хэт гүнд шумбах үед хүчилтөрөгчийн найрлага тохиромжгүй байвал амь насанд аюултай нөхцөл үүсдэг аж. Мөн Энэтхэгийн далайн хүчтэй урсгал осолд нөлөөлсөн байж болзошгүй гэжээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.