dobu.mndobu

Трамп Иранд хандан Цаг дуусаж байна гэж анхааруулав

Трамп Иранд хандан Цаг дуусаж байна гэж анхааруулав

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ирантай хийж буй дайныг зогсоох хэлэлцээр гацсан энэ үед “цаг дуусаж байна” хэмээн анхаарууллаа.

Тэрбээр өөрийн Truth Social сошиал сүлжээнд “Тэд хурдан хөдөлсөн нь дээр, эс бөгөөс юу ч үлдэхгүй. Цаг маш чухал байна” гэж бичжээ.

Энэ мэдэгдэл нь Трамп Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхутай утсаар ярихаар төлөвлөж байсан үеэр гарсан байна.

Үүний зэрэгцээ Ираны хэвлэлүүд АНУ Тегераны тавьсан саналуудад бодитой буулт хийгээгүй гэж мэдээлжээ. Хэрэв Вашингтон байр сууриа өөрчлөхгүй бол хэлэлцээр мухардалд орно гэж Ираны албан ёсны Mehr News Agency агентлаг онцолсон байна.

Трамп өмнө нь Иран тохиролцоонд хүрэхгүй бол “бүхэл бүтэн соёл иргэншил сүйрнэ” хэмээн анхааруулж байсан бөгөөд гал зогсоох хэлэлцээрийг “амьсгал хураахын даваан дээр байна” гэж мэдэгдэж байв.

Ираны Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Эсмаил Багаи Тегераны шаардлагуудыг “хариуцлагатай, өгөөмөр санал” хэмээн хамгаалжээ.

Ираны талын шаардлагад бүх фронтод дайныг нэн даруй зогсоох, Ираны боомтуудад тавьсан АНУ-ын тэнгисийн бүслэлтийг цуцлах, цаашид дахин халдлага үйлдэхгүй байх баталгаа өгөх зэрэг багтсан байна. Мөн дайны хохирлын нөхөн төлбөр болон Хормузын хоолой дээрх бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөхийг шаарджээ.

Харин АНУ Иранаас зөвхөн нэг цөмийн байгууламжийг ажиллуулах, өндөр баяжуулсан ураны нөөцөө АНУ-д шилжүүлэх зэрэг таван нөхцөл тавьсан талаар Fars News Agency мэдээлсэн байна.

Трамп баасан гарагт Ираны цөмийн хөтөлбөрийг 20 жилийн хугацаанд түр зогсоох хувилбарыг хүлээн зөвшөөрч магадгүй гэж мэдэгдсэн нь өмнөх хатуу байр сууриа зөөлрүүлсэн дохио гэж ажиглагчид үзэж байна.

Израиль болон АНУ-ын зэвсэгт хүчнүүд хоёрдугаар сарын 28-наас эхлэн Иранд агаарын цохилт өгч эхэлсэн бөгөөд гал зогсоох хэлэлцээр хүчин төгөлдөр байгаа ч хааяа мөргөлдөөн үргэлжилсээр байна.

Мөн Иран Хормузын хоолойн хяналтаа хадгалсан хэвээр байгаа нь дэлхийн газрын тос, шингэрүүлсэн хийн нийлүүлэлтийн 20 орчим хувь дамждаг стратегийн чухал гарцыг хаах нөхцөл үүсгээд байна. Энэ нь дэлхийн зах зээл дээр газрын тосны үнийг огцом өсгөхөд нөлөөлжээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.