dobu.mndobu

Судалгаа: Өдөр ердөө 5 минут дасгал хөдөлгөөн хийх нь эрүүл мэндэд том нөлөө үзүүлнэ

Судалгаа: Өдөр ердөө 5 минут дасгал хөдөлгөөн хийх нь эрүүл мэндэд том нөлөө үзүүлнэ

Өдөр тутмын амьдралдаа багахан хэмжээний хөдөлгөөн нэмэх нь урт хугацаанд эрүүл мэндэд чухал нөлөө үзүүлдэг болохыг шинэ судалгаа харуулжээ.

Судалгаагаар өдөрт ердөө тавхан минут дунд зэргийн идэвхтэй хөдөлгөөн хийх нь эрт нас барах эрсдэлийг мэдэгдэхүйц бууруулах боломжтой гэж үзсэн байна. Үүнд хурдан алхах, дугуй унах, шатаар өгсөх зэрэг энгийн хөдөлгөөнүүд багтаж байгаа аж.

Судалгаанд Их Британи, АНУ болон Скандинавын орнуудын 150 мянга гаруй насанд хүрэгчийн мэдээллийг хамруулжээ. Судалгааны багийн ахлагч, Норвегийн Спортын сургуулийн профессор Ульф Экелунд “Өдөрт ердөө тавхан минутын нэмэлт хөдөлгөөн хүртэл эрт нас барах эрсдэлийг бууруулахад ийм хүчтэй нөлөө үзүүлнэ гэж бид гайхсан” хэмээн онцолсон байна.

Мэргэжилтнүүдийн хэлснээр хөдөлгөөн нь зөвхөн бие махбодод төдийгүй тархи, ой санамж, сэтгэлзүйд эерэг нөлөөтэй аж. Мөн булчингийн хүч, ясны чанар, биеийн ерөнхий хөдөлгөөн сайн байх нь урт наслахтай шууд холбоотой гэжээ.

Судалгаагаар өдөр бүр 30 минут сууж өнгөрүүлэх хугацаагаа багасгах нь нийт хүн амын дунд эрт нас барах эрсдэлийг долоон хувиар бууруулдаг болохыг мөн тогтоосон байна.

Түүнчлэн богино хугацааны дасгалуудыг өдөрт хэд хэдэн удаа хийх буюу “exercise snacking” арга нь зүрхний эрүүл мэнд, булчингийн тэсвэрийг сайжруулдаг гэж судлаачид үзжээ. Үүнд гэр цэвэрлэх, бүжиглэх, шатаар хурдан өгсөж уруудах зэрэг өдөр тутмын энгийн хөдөлгөөнүүд ч багтаж байгаа юм.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас насанд хүрэгчдийг долоо хоногт дор хаяж 150 минутын дунд зэргийн ачаалалтай дасгал хөдөлгөөн хийхийг зөвлөдөг байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.