0

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Персийн булангийн орнуудын хүсэлтээр Иранд хийхээр төлөвлөж байсан цэргийн ажиллагааг түр хойшлуулж байгаагаа мэдэгдэж, “ноцтой хэлэлцээрүүд явагдаж байна” гэжээ.
Тэрбээр Truth Social сүлжээндээ Катар, Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират улсын удирдагчид энэ хүсэлтийг тавьсан гэж бичсэн байна. Мөн АНУ “маш хүлээн зөвшөөрөгдөхүйц” хэлэлцээр хийх боломжтой гэж үзэж буйгаа илэрхийлээд, “Иран цөмийн зэвсэгтэй болохгүй” хэмээн онцолжээ.
Гэвч хэрэв тохиролцоонд хүрэхгүй бол АНУ “өргөн цар хүрээтэй цэргийн ажиллагаа явуулахад бэлэн” гэж Трамп анхааруулсан байна.
Ираны талаас АНУ-д “стратегийн алдаа гаргахгүй байх”-ыг сануулж, хариу мэдэгдэл хийжээ.
АНУ болон Израилийн зүгээс өмнө нь Иранд агаарын цохилт өгсөн бөгөөд Иран хариуд нь бүс нутгийн АНУ, Израилийн байрлалуудад нисгэгчгүй онгоц болон пуужингийн довтолгоо хийсэн гэж мэдээлэгдэж байна.
Үүний зэрэгцээ Персийн булангийн бүс нутгийн улс орнуудын аюулгүй байдал, газрын тосны нийлүүлэлтэд эрсдэл үүсэж болзошгүй байгаа нь олон улсын анхаарлын төвд байна. Мөн Хормузын хоолойн нөхцөл байдал дэлхийн эрчим хүчний зах зээлд нөлөөлж, газрын тосны үнийн хэлбэлзэлд хүргэжээ.
Талуудын хэлэлцээр үргэлжилж байгаа ч цөмийн хөтөлбөр болон бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар байр суурийн зөрүү хэвээр байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.