0

Афганистаны Херат хотын захын хуаранд амьдардаг нэгэн гэр бүл туйлын ядуурал, өлсгөлөнгийн улмаас 3 настай охиноо 600 ам.доллараар өөр гэр бүлд өгөхөөс өөр аргагүйд хүрсэн тухай олон улсын хэвлэлүүд мэдээлжээ.
Жамила хэмээх охин жижиг шавар байшинд дөрвөн эгчтэйгээ хамт амьдарч, гэр бүлийнхэн нь хоол хүнсгүйн улмаас хогноос түүсэн лууван идэж буйг харуулжээ. Ээж Масума нь “Бид бүгд өлсөж байна. Хоол байхгүй, хогноос хоол олж амьдарч байна. Нэг охиноо өгснөөр бусад хүүхдүүд маань амьд үлдэх боломжтой” хэмээн нулимс дуслуулан ярьжээ.
Гэр бүл нь өмнө нь хуурайшилт, ган гачгийн улмаас амьдрах боломжгүй болсон Бадгис мужаас нүүж Херат хотод ирсэн ч тогтмол ажил, орлогогүй хэвээр үлдсэн байна. Аав Заки өдөр тутмын ажилгүй болж, гэр бүл нь бусдын өглөгөөр амьдарч байгаагаа хэлжээ.
Охиныг албан ёсоор үрчлүүлэх бичиг баримтгүйгээр, хувийн тохиролцоогоор өөр хүүхэдгүй гэр бүлд шилжүүлэхээр болсон бөгөөд энэ тохиолдолд засгийн газрын хяналт байхгүй байгаа нь олон улсын байгууллагуудын анхаарлыг татаж байна.
Тус улсын ажилгүйдэл нэмэгдэж, эрүүл мэндийн үйлчилгээ доройтож, зарим улсын тусламж эрс буурсан нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна. Ялангуяа өмнө нь гол хандивлагч байсан АНУ тусламжаа их хэмжээгээр танасан нь олон айлыг хүнсний тусламжгүй болгожээ.
НҮБ-ын тооцоогоор Афганистаны хүн амын 95 хувь нь хангалттай хоол хүнс авч чаддаггүй, сая сая хүүхэд хоол тэжээлийн дутагдалд орж, өлсгөлөн нэмэгдсээр байгаа аж.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.