0

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хүүхэд, залуучуудад үндэсний язгуур ашиг сонирхол, монгол хүний эрхэмлэн дээдлэх үнэт зүйлсийг таниулж, эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, ёс зүйтэй иргэнийг төлөвшүүлэх зорилготой “Эх оронч Монгол” үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар хэрэгжүүлэх чиглэлийг Монгол Улсын Засгийн газарт хүргүүлжээ.
Энэ ажлыг хэрэгжүүлэх хүрээнд Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамбаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж, өнөөдөр Батлан хамгаалах яаманд анхдугаар хуралдаанаа хийлээ.
Ажлын хэсэг нь “Эх оронч Монгол” үндэсний хөдөлгөөний улсын хэмжээнд хэрэгжүүлэх төлөвлөгөөний төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулах, хэрэгжилтэд хяналт тавих, тайлагнах, яамд болон агентлаг хоорондын уялдааг хангах үүрэгтэй юм.
Тус ажлын хэсэгт Батлан хамгаалах яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсролын яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон ЗХЖШ, ХХЕГ, ЦЕГ, ДЦШ, ОБЕГ-ын төлөөллүүд багтжээ.
“Эх оронч Монгол” үндэсний хөдөлгөөнийг 2026–2030 онд хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд хүүхэд, залуучуудад үндэсний үнэт зүйл, эх оронч үзэл төлөвшүүлэх, нийгмийн дархлаа, гамшиг эрсдэлийг даван туулах чадавхыг бэхжүүлэх зорилготой аж.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.