0

Та хэрвээ шөнө унтахаасаа өмнө гоймон, чихэрлэг зүйлс их иддэг бол анхаарлаа нааш нь хандуулаарай. Монголчууд “Өглөөний хоолыг өөртөө, өдрийн хоолыг найздаа, оройн хоолыг дайсандаа” хэмээн ярьдаг. Энэ нь зүгээр нэг хэлц үг бус, хүний биеийн онцлогт тулгуурласан амьдралын хэв маягийн зөв дадал болохыг олон улсын судалгаанууд харуулсаар байна.
Эмч, мэргэжилтнүүдийн үзэж буйгаар шөнийн цагаар хооллох нь нойрны чанар, хоол боловсруулалт болон цусан дахь сахарын хэмжээнд сөргөөр нөлөөлдөг аж. Ялангуяа рамен, бэлэн гоймон зэрэг давс, нүүрс ус ихтэй хоол хүнс нь шөнийн цагаар бие организмд илүү ачаалал өгдөг байна.
Учир нь хүний бие шөнийн цагаар амарч, бодисын солилцоо удааширдаг тул идсэн хоол бүрэн боловсрохгүй байх эрсдэлтэй байдаг. Үүний улмаас гэдэс дүүрэх, ходоод хорсох, хүчил сөргөөдөх зэрэг зовиур үүсэхээс гадна өглөө сэрэхэд нүүр, гар, хөл хавагнах шинж илэрдэг байна. Давс ихтэй хоол хүнс нь биед ус барьдаг учраас энэ төрлийн шинж тэмдгийг улам нэмэгдүүлдэг аж.
Түүнчлэн оройн цагаар их хэмжээний нүүрс ус, чихэрлэг бүтээгдэхүүн хэрэглэх нь цусан дахь сахарын хэмжээг огцом өсгөж, улмаар нойрны хэмнэлд сөргөөр нөлөөлөх магадлалтайг мэргэжилтнүүд анхааруулжээ. Ийм зуршил удаан үргэлжилбэл жин нэмэх, ядрах, дархлаа сулрах зэрэг эрсдэл дагуулж болзошгүй байна.
Мэргэжилтнүүд шөнө өлсөж юм идэх хүслийг бүрэн дарахаас илүүтэйгээр хэмжээг нь тохируулж, унтахаас 2-3 цагийн өмнө юм идэхээ зогсоохыг дуусгахыг зөвлөж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.