0

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймагт ажиллах үеэрээ 26 жилийн түүхтэй “Мөнх Ундрам Хүнс” ХХК-ийн үйлдвэрийн технологитой танилцаж, бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар мэдээлэл авлаа.
Анх “Бүжин” талхны цехээс үйл ажиллагаагаа эхлүүлсэн тус компани өнөөдөр хоногт 70 гаруй нэр төрлийн 2500 кг талх, нарийн боов үйлдвэрлэн Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Төв аймаг болон бүсийн сумдыг бүтээгдэхүүнээрээ хангаж байна.
Тус үйлдвэр 50 хүнийг тогтвортой ажлын байраар хангаж байгаа бөгөөд Шинэ Дарханд мөн бялуу, бэйкерийн цехтэй аж. Компанийн захирал Д.Уранчимэгийн мэдээлснээр бүтээгдэхүүнийх нь амталгааг хийсэн БНСУ-ын иргэд Монгол улсад ирж үйлдвэрийн үйл ажиллагаатай нь танилцсан бөгөөд бүтээгдэхүүнээ экспортлох боломжийн талаар тодруулсан гэнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн дэмжлэгийн хүрээнд тус компани 2025 онд хүнсний үйлдвэрийн зориулалттай гурван давхар шинэ барилгыг ашиглалтад оруулж, Итали, БНХАУ-ын дэвшилтэт тоног төхөөрөмж бүхий үйлдвэрлэлийн шугамуудыг суурилуулжээ.
Мөн 2026 онд ISO 9001:2015 чанарын менежментийн тогтолцоо болон НАССР хүнсний аюулгүй байдлын тогтолцоог нэвтрүүлж, хүнсний бүтээгдэхүүний хоёр шинэ патентыг үйлдвэрийн нэр дээрээ бүртгүүлжээ.
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат орон нутагт баялаг бүтээж, ажлын байр нэмэгдүүлэн, хүн амыг чанартай хүнсээр ханган ажиллаж буй үйлдвэрийн хамт олонд талархал илэрхийлээд, цаашид үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг экспортын зах зээлд гаргахад бодлогын түвшинд дэмжлэг үзүүлэн ажиллахаа онцлон тэмдэглэлээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.