dobu.mndobu

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат: "Амкодор холдинг"-той өмнө хэлэлцсэн хэлэлцээгээ үр дүнд хүргэхэд анхаарна

0

НийтлэлчAdmin

Огноо2026-06-03

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат: "Амкодор холдинг"-той өмнө хэлэлцсэн хэлэлцээгээ үр дүнд хүргэхэд анхаарна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Бүгд Найрамдах Беларусь Улсад хийж буй албан айлчлалынхаа хүрээнд "Амкодор холдинг"-ийн үйлдвэр, үйл ажиллагаатай танилцаж, тус компанийн удирдлагуудтай уулзав.

"Амкодор холдинг"-ийн Ерөнхий захирал Александр Владимирович Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хөдөө аж ахуй, газар тариалан, ойн аж ахуйн авто машин техник, тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, тоног төхөөрөмжийн үйлдвэрийн шугам угсралтын хүрээнд цаашид урт хугацаанд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Сайд Ц.Идэрбат үйлдвэрийн үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн хүчин чадал, техник, технологийн мэдээлэлтэй танилцаж, Монгол Улсын хэрэгцээ шаардлагад нийцсэн техник, тоног төхөөрөмж нийлүүлэх, хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллахад ямар нэгэн саад бэрхшээл байхгүйг онцлон тэмдэглэлээ. Түүнчлэн өмнө нь яригдсан хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэх, "Амкодор холдинг"-ийн бүтээгдэхүүн, үйл ажиллагааг Монгол Улсад сурталчлан таниулахад анхаарч ажиллахаа илэрхийлэв.

"Амкодор холдинг" нь Бүгд Найрамдах Беларусь Улсын хамгийн том машин үйлдвэрлэлийн нэгдэл бөгөөд 1927 оны хоёрдугаар сарын нэгэнд байгуулагдсан. Төв байр нь Беларусь улсын Минск хотод байрладаг. Энэ нь тоглоомны жижиг үйлдвэрээс эхлээд хэдэн арван улсад техникээ нийлүүлдэг өндөр технологийн томоохон холдинг болон хөгжсөн түүхтэй. Холдинг нь 19 үйлдвэр, 30 гаруй аж ахуйн нэгжийг нэгтгэдэг бөгөөд Беларусь, Орос, бусад Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгийн орнуудад салбартай. Үндсэн чиглэл нь зам-барилга, ложистик, хөдөө аж ахуй, ойн аж ахуй, хүдэр олборлолт, нийтийн аж ахуй зэрэг салбарт зориулсан тусгай машин механизм үйлдвэрлэл юм.

Салбар үйлдвэртээ 23,700 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн, үүнээс 297 загвар, өөрчлөлт бүхий техник (үүнээс 215 нь өөрөө явагч машин) үйлдвэрлэдэг. Жилд 5,000 гаруй тусгай техник, 4,500 гаруй хүн ажилладаг. Түүнчлэн өөрийн гэсэн өндөр хүчин чадалтай эд анги, түүний дотор хөтлөгч гүүр, дамжуулах хайрцаг зэргийг үйлдвэрлэдэг юм. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.