0

Японын Засгийн газрын зөвлөх баг насанд хүрээгүй хүүхдүүдийг сошиал сүлжээний сөрөг нөлөөллөөс хамгаалахын тулд платформуудын хариуцлагыг нэмэгдүүлэх, нас баталгаажуулах шалгалтыг чангатгах шаардлагатай гэж үзжээ.
Өчигдөр /2026.06.02/ танилцуулсан тайлангийн төсөлд сошиал сүлжээ ашигладаг хүүхэд, өсвөр үеийнхнийг хамгаалах арга хэмжээнүүдийг тусгасан байна. Тухайлбал, сошиал платформууд хэрэглэгчийн насыг илүү нарийн шалгадаг болох, хүүхдүүдийн хэт донтох эрсдэлийг нэмэгдүүлдэг зарим үйлдэл, функцийг хязгаарлах асуудлыг судлахыг санал болгожээ.
Сүүлийн жилүүдэд ухаалаг гар утас болон сошиал сүлжээний хэрэглээ эрчимтэй өссөнтэй холбоотойгоор хүүхэд, өсвөр насныхны сэтгэлзүй, биеийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө, мөн гэмт хэрэгт холбогдох эрсдэл нэмэгдэж байгаад Японд анхаарал хандуулах болсон юм.
Гэсэн хэдий ч тус зөвлөх баг Австрали зэрэг зарим оронд хэрэгжүүлж буй насны ангилалд тулгуурласан бүрэн хоригийг Японд хэрэгжүүлэх нь тохиромжгүй гэж дүгнэжээ. Учир нь сошиал сүлжээ нь орчин үеийн нийгэмд харилцаа холбооны чухал хэрэгсэл болсон гэж үзсэн байна.
Одоогоор Японд хүүхдүүдийг хамгаалах арга хэмжээ нь гол төлөв үүрэн холбооны операторуудын санал болгодог хортой вэбсайтыг хаах шүүлтүүрийн үйлчилгээ болон эцэг эхийн хяналтаар хязгаарлагддаг.
Японы Дотоод хэрэг, харилцаа холбооны яам өнгөрсөн оноос эхлэн сошиал сүлжээний компаниуд болон ухаалаг гар утасны үйлдлийн систем хөгжүүлэгчдийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэж эхэлжээ.
Эцсийн тайланг энэ зун танилцуулах бөгөөд үүний дараа Японы Хүүхэд, гэр бүлийн агентлаг ямар арга хэмжээ хэрэгжүүлэх болон хууль эрх зүйн өөрчлөлт шаардлагатай эсэхийг шийдвэрлэх юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.