0

АНУ-ын холбооны шүүх Ерөнхийлөгч Donald Trump-ын H-1B визний өргөдөлд 100,000 ам.долларын хураамж ногдуулах шийдвэрийг хууль бус гэж үзэн хүчингүй болголоо.
Массачусетс мужийн холбооны шүүгч Leo Sorokin 42 хуудас бүхий шийдвэртээ холбооны цагаачлалын бодлогод ийм хэмжээний төлбөр буюу татвар тогтоох эрх зөвхөн Конгресст байдаг бөгөөд Ерөнхийлөгч дангаараа ийм өөрчлөлт хийх эрхгүй гэж дүгнэжээ.
Тэрбээр “Ерөнхийлөгч H-1B визний өргөдөлд татвар ногдуулах эрх мэдэл болон түүнд олгогдсон хууль ёсны бүрэн эрхгүй байсан” хэмээн бичсэн байна.
Энэхүү хэргийг Ардчилсан намын удирдлагатай хэд хэдэн мужийн ерөнхий прокурорууд өнгөрсөн арванхоёрдугаар сард шүүхэд өгчээ. Тэд Трампын захиргаа H-1B визний хөтөлбөрийг хэт ашиглаж байна гэсэн үндэслэлээр 100 мянган ам.долларын шинэ шаардлага тогтоосныг эсэргүүцсэн юм.
H-1B виз нь АНУ-д өндөр ур чадвар шаардсан мэргэжлийн салбаруудад гадаадын ажилтнуудыг ажиллуулах боломж олгодог хөтөлбөр бөгөөд өргөдөл гаргагч нь ихэвчлэн бакалаврын зэрэг эсвэл түүнтэй дүйцэх боловсролтой байх ёстой. Виз нь гурван жилийн хугацаатай олгогдож, дахин гурван жилээр сунгах боломжтой. Эдийн засагчдын үзэж буйгаар уг хөтөлбөр нь АНУ-ын компаниудын өрсөлдөх чадварыг хадгалж, бизнесээ өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлдэг байна.
АНУ-ын Хууль зүйн яамны төлөөлөгч Natalie Baldassarre мэдэгдэлдээ тус яам Америкийн ажилчдыг хамгаалах болон Трампын “America First” бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө ажилласаар байх болно гэдгийг онцолжээ. Мөн H-1B хөтөлбөрийг хууль бусаар ашиглаж, америк ажилчдын эрх ашгийг хохироож буй компаниудад хариуцлага тооцохоо үргэлжлүүлнэ гэсэн байна.
Нэхэмжлэлийг тэргүүлэн гаргасан Letitia James шүүхийн шийдвэрийг сайшааж, “Шүүх энэ чухал хөтөлбөрийг устгах гэсэн захиргааны хууль бус оролдлогыг таслан зогсоолоо. H-1B визтэй ажилтнууд манай мужийн эдийн засагт асар их хувь нэмэр оруулдаг” хэмээн мэдэгдэв.
Ингэснээр H-1B виз хүсэгчдэд ногдуулахаар төлөвлөж байсан 100,000 ам.долларын нэмэлт хураамж хүчингүй болж, өндөр ур чадвартай гадаад мэргэжилтнүүдийг АНУ-д ажиллуулах тогтолцоонд томоохон өөрчлөлт оруулах гэсэн Трампын бодлогод саад учраад байна.
Хуваалцах:
Майкл Жексоны намтарчилсан кино бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой намтар кино боллоо
8 цагийн өмнө

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.