0

Европын хэд хэдэн оронд үргэлжилж буй хэт халалтын улмаас Францад өнгөрсөн пүрэв гарагаас хойш 40 хүн амиа алдсан талаар тус улсын Ерөнхий сайд Себастьен Лекорню мэдэгдлээ. Амиа алдагсдын ихэнх нь халууны улмаас сэргүүцэх зорилготой гол мөрөн, нуурт орж осолдсон байна.
Францын Спорт, залуучуудын сайд Марина Феррари иргэдэд анхааруулга өгч, “Халуун өдрүүдэд хяналтгүй усанд орох нь амь насанд аюултай эрсдэл дагуулж байна” хэмээн онцолжээ.
Одоогоор Франц, Испани, Итали улсууд халалтын давалгаанд хамгийн хүчтэй өртөөд байна. Франц улс зургаадугаар сарын түүхэн дэх хамгийн халуун өдрөө бүртгэж, улсын дундаж температур 29.8 хэмд хүрсэн бол нутгийн ихэнх хэсэгт улаан түвшний сэрэмжлүүлэг зарласан байна.
Хэт халууны улмаас хэд хэдэн харамсалтай осол гарчээ. Парисын ойролцоох Сена мөрөнд усанд орсон 13 настай охин живж амиа алдсан бол Лион хотын ойролцоох Рон мөрнөөс аварсан залуу хөлбөмбөгчин хүнд байдалтай эмчлүүлж байна. Мөн Францын өмнөд хэсэгт хоёр болон дөрвөн настай хүүхдүүд халуун автомашинд үлдсэний улмаас нас барсан хэрэг гарчээ.
Испанид зарим бүс нутагт агаарын температур 44 хэм хүрэх төлөвтэй байгаа бол Италийн Ром, Милан, Флоренц зэрэг 15 хотод улаан түвшний халалтын сэрэмжлүүлэг зарлаад байна. Эрх баригчид барилга, хөдөө аж ахуйн салбарын ажилчдыг өдрийн хамгийн халуун цагуудад ажиллуулахгүй байх арга хэмжээ авч эхэлжээ.
Хэт халалт зөвхөн иргэдийн эрүүл мэндэд төдийгүй дэд бүтцэд нөлөөлж байна. Францын Голфешийн атомын цахилгаан станц хөргөлтийн усны температур хэт нэмэгдсэн шалтгаанаар үйл ажиллагаагаа түр зогсоосон бол Парисын Эйфелийн цамхаг, Луврын музей ажиллах цагаа богиносгожээ.
Мөн Герман, Бельги, Нидерланд улсуудад энэ долоо хоногийн сүүлээр халалтын оргил үе тохиох төлөвтэй байгаа бөгөөд цаг уурчид иргэдийг болгоомжтой байхыг анхааруулж байна.
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар уур амьсгалын өөрчлөлт Европ дахь хэт халалтын давтамж, эрчмийг нэмэгдүүлж байгаа бөгөөд тус тив дэлхийн дунджаас хоёр дахин хурдан дулаарч байгаа аж. Үүний улмаас халалтын давалгаа, усны хомсдол болон ой, хээрийн түймрийн эрсдэл жил ирэх тусам нэмэгдэж байна
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.