0

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулж буй “Малчны тухай хуулийн хэрэгжилтийг дүгнэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэх’’ сэдэвт ерөнхий хяналтын сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Хяналтын сонсголын өнөөдрийн хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат “Малчны тухай хуулийн хэрэгжилт, үр дүн, цаашдын арга хэмжээ” сэдвээр танилцуулга хийлээ.
Сайд танилцуулгадаа малчдын залуу халааг бэлтгэх, мал аж ахуйн салбарыг эдийн засагжуулах, хот хөдөө дахь орлогын баталгаат байдлыг бий болгох чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөв.
Тухайлбал, Малчны тухай хуулийн 4.1.3-д хөдөөд хүйсийн зохистой харьцааг хангах бодлогыг хэрэгжүүлэх, 4.1.7-т мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоо, боловсруулалтын түвшинг ахиулах цогц бодлогыг хэрэгжүүлэх асуудалд онцгой анхааран ажиллаж байгааг дурдав. Хамрах хүрээ өргөнтэй, эдийн засгийн арвин нөөцтэй, томоохон салбарын тогтвортой хөгжлийг хангаж, малчид, тариаланчид, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн бүтээмжтэй, ашигтай үйл ажиллагааг дэмжин, үндэсний хүнсний аюулгүй байдлыг хангаж ажиллах нь нэн тэргүүний зорилт болохоос гадна гадаад экспортыг нэмэгдүүлж салбарын нийт хөгжлийг хангах шаардлагыг үүсгэж байгааг салбарын сайд онцоллоо.
Сүүлийн 30 гаруй жилд хот, суурин газар руу чиглэсэн нүүдэл эрчимжиж, Улаанбаатар хот бусад томоохон суурин газруудад үйлдвэрлэл, үйлчилгээ төвлөрөн хөгжиж байгаагийн нөгөө талд орон нутагт хөдөө аж ахуй, мал аж ахуй эрхлэх нь үйл ажиллагааны хувьд ашиг багатай, хөдөлмөрийн нөхцөлд хүнд, орлого нь баталгаагүй байх эрсдэлтэй нөхцөлийг үүсгэж байна. Малчдын нас, хүйсний харьцаа алдагдсан, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж хангалтгүй, ахуйн хэрэглээний зарлага нь орлогоосоо давсан бөгөөд түүнийг тэнцвэржүүлэхэд малын гаралтай түүхий эдийг ашиглах, үр ашгийг нэмэгдүүлэх гарц боломжийг судлах зайлшгүй шаардлагатай байгааг сайд Ц.Идэрбат танилцуулгадаа дурдсан.
Эдгээр болон бусад нөхцөл байдлын шинжилгээний дүнд үндэслэн Малчны тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, мал аж ахуйн салбарын бүтээмжийг нэмэгдүүлэхэд дотоодын болон гадаадын худалдаа, бүтээгдэхүүн борлуулалтын нөхцөлийг сайжруулж малчдын орлого нэмэгдүүлэх үүгээр дамжуулан хөдөөгийн хөгжлийн эрчимжүүлэхэд олон талт дараах хамтын ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байгааг хэллээ.
Тухайлбал, малын тэжээл тариалалтыг нэмэгдүүлэх, хөдөөгийн иргэдийн амьжиргааны үндсэн эх үүсвэр болсон мал сүргийг байгаль цаг уурын эрсдэлээс хамгаалах зорилгоор атаршсан газрыг түшиглэн улсын хэмжээнд нийт 1000 гаруй хөдөөгийн багт ногоон тэжээл тариалах хөрөнгө оруулалт, техник технологийн дэмжлэг үзүүлэх замаар “НУТАГТАА ЭЗЭН 100:1000” төслийг хэрэгжүүлж байна.
Түүнчлэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам холбогдох харъяа байгууллага, мэргэжлийн холбоод, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд арьс, ширний үйлдвэрлэлийн салбарын тогтвортой хөгжлийг дэмжих, дулааны улиралд хаягдаж буй арьс, ширэн түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулах, орон нутагт түүхий эд бэлтгэлийн тогтолцоог сэргээх, стандартын шаардлага хангасан түүхий эдийг үндэсний үйлдвэрүүдэд нийлүүлэх тогтолцоог бүрдүүлэх зорилгоор “АРЬС ШИР – БАЯЛАГ” төслийг эхний жилд зүүн бүсийн 3, хангайн болон хойд бүсийн 2 аймагт хэрэгжүүлж байна. Үүнийг үргэлжүүлэн 21 аймагт хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоо нь тодорхой хуулийн зохицуулалтгүй явж ирсэн. Энэ байдлыг харгалзан УИХ-ын нэр бүхий гишүүдийн хамт Хөдөө аж ахуйн тухай хуулийн төслийг санаачлан УИХ-ын 2026 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар эцэслэн батлуулаад байгааг сайд дурдлаа.
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат "Малчдын хөдөлмөр эрхлэлтийн байдалд хийсэн судалгааны дүнгээс үзэхэд малчдын ахуйн хэрэглээний зарлага нь орлогоосоо давсан бөгөөд түүнийг тэнцвэржүүлэхэд малын гаралтай түүхий эдийг ашиглах, үр ашгийг нэмэгдүүлэх гарц боломжийг судлах зайлшгүй шаардлагатай байна."
"Ганцаараа мал маллах болсон шалтгааныг тодруулж үзэхэд 34 орчим хувийг хүүхдийн боловсрол буюу бага насны хүүхдээ ерөнхий боловсролын сургуульд сургах асуудал үүссэнээс болж байна. Өөрөөр хэлбэл, малчдын залгамж халаа бэлтгэгдэх, мал маллах нөхцөл нь зөвхөн мал аж ахуйн технологийн онцлог, байгаль цаг уурын нөхцөлөөс гадна боловсролын үйлчилгээний зохион байгуулалт, хүртээмжтэй шууд холбоотой байна." гэдгийг тус тус танилцуулгынхаа үеэр дурдав.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.