0

Солонгосын SBS телевизийн бүтээл Nеtflix-д энэ сарын 26-нд нээлтээ хийсэн “Agent Kim Reactivated” цувралд нь жүжигчин Су Жи Соб гол дүр бүтээсэн бөгөөд Sangsaeng хадгаламжийн банкинд зээлийн хэлтсийн даргаар ажилладаг, гаднаасаа маш даруухан, амьдралын төлөө зүтгэж яваа дундаж насны жирийн нэгэн аав юм. Тэрбээр эхнэрээ алдсанаас хойш ганц охин Мин Жигээ (жүжигчин Со Сү Мин) ганцаараа өсгөж иржээ. Нийгэмд "хөгшин, хуучинсаг үзэлтэн" гэж шоолуулан, гудамжны танхай залууст дээрэлхүүлсэн ч хэрүүл маргаанаас зайлсхийж, охиныхоо төлөө бүгдийг тэвчдэг номхон иргэн шиг амьдардаг.
Гэвч нэг өдөр түүний амьдралын цорын ганц утга учир болсон охин Мин Жи нь гэнэт сураггүй алга болж, барьцаалагддаг. Охиноо аврахын тулд тэрбээр өөрийнхөө жинхэнэ төрх болон дэлхийгээс хүртэл нууж явсан аймшигт нууцаа дэлгэхээс өөр аргагүйд хүрдэг.
Ким даргын нууцлаг өнгөрсөн үе бол зүгээр нэг банкны ажилтан биш, урьд нь БНАСАУ-ын (Хойд Солонгос) тусгай албаны шилдэг агент, өмнө нь Өмнөд Солонгосын Тагнуулын төв газарт (NIS) нэртэй нууц даалгавар гүйцэтгэж байсан "Агент Ким" гэгддэг гаргууд дайчин эр байжээ.
Тэрбээр Хойд Солонгосын хамгийн аюултай хар жагсаалтад багтсан, нууцлаг нэгэн байв. Охиноо хайх явцад түүний энэхүү унтмал байсан байлдааны чадвар, тагнуулчийн инстинкт нь сэргэж, охиныг нь хулгайлсан гэмт хэргийн бүлэглэлүүдийг нэг нэгээр нь устгаж эхэлдэг.
Кино зохиолд Ким охиноо аврахын тулд маш олон талын дайснууд болон хуучны холбоотнуудтайгаа нүүр тулдаг. Хойд Солонгосын тал буюу Пак Кан Сон, Ли Ун Рён зэрэг Хойд Солонгосын тусгай төлөөлөгчид Ким даргын өнгөрсөн үетэй холбоотойгоор түүнийг ангуучилдаг бөгөөд гол дайснуудын нэг юм. Гэмт хэргийн бүлэглэлийн Жүү Жан Чан мафийнхан болон тэдний гар хөл болсон хүмүүс охиныг нь барьцаалсан хэрэгт шууд холбогдож, Кимтэй цуст өшөө авалтын тулаан хийнэ. "Аавуудын нэгдэл" буюу Кимд тусалж буй Сон Хан Сү (хуучин Таэквондогийн аварга бөгөөд нууц агент), Пак Жин Чөл (тусгай хүчний дайчин асан) зэрэг аавууд Кимд туслахаар нэгддэг. Энэ нь зохиолыг зөвхөн нэг хүний өшөө авалт биш, охидынхоо төлөө юу ч хийхээс буцахгүй хүчирхэг аавуудын тэмцэл болгож өргөжүүлжээ. Энэхүү драм нь Холливудын алдарт Лиам Нисоны тоглосон "Taken" киноны солонгос хувилбар гэгдэж байгаа бөгөөд "Нийгэмд хэнд ч анзаарагддаггүй, нуруугаа бөхийлгөн зүтгэж буй дунд эргэм насны аавууд гэр бүлийнхээ төлөө ямар агуу хүч гаргаж чадах вэ" гэдгийг харуулахыг зорьсон байна. Кино шүүмжлэгчдээс маш хурдтай өрнөл, дээд зэргийн гардан тулааны найруулгаараа өндөр үнэлгээ аваад байна.
Уг цуврал нь нийт 10 ангитай, анги тус бүр нь 1 цаг 5 минутаас 1 цаг 20 минут ба долоо хоног бүрийн баасан, бямба гарагуудад SBS телевизээр болон Netflix платформоор үзэгчдийн хүртээл болж байна. Мөн эхний хоёр ангиа цацсаны дараа 2026 оны Өмнөд Солонгосын хамгийн өндөр амжилттай К-драма болон түүх бүтээж байна. Ердөө 2 анги үзэгчдийн хүртээл болсон ч 15%-ийн босгыг давсан нь 2021 оны алдарт " The Penthouse 3 " цувралаас хойш 5 жилийн дараах хамгийн хурдан өсөлттэй рекорд болж байна.
Олон улсын киноны IMDb платформ дээр 8.2/10 гэсэн маш өндөр үнэлгээ авчээ. "Agent Kim Reactivated" цувралыг нийт 32 тэрбум вон буюу ойролцоогоор 26.8 сая ам.долларын өндөр өртгөөр бүтээжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.