0

Өмнөд Солонгосын Дээд шүүх 82 настай жүжигчин О Ён Сүд холбогдох бэлгийн дарамт гэх хэргийг эцэслэн хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах шийдвэр гаргалаа. Ингэснээр гурван жил долоон сар үргэлжилсэн шүүхийн маргаан өндөрлөж байна.
Зургадугаар сарын 25-нд Дээд шүүхийн гуравдугаар танхим прокурорын байгууллагын давж заалдах гомдлыг хүлээн авахаас татгалзсан бөгөөд давж заалдах үндэслэл нь хууль зүйн шаардлага хангаагүй гэж үзсэн байна. Үүний үр дүнд давж заалдах шатны шүүхийн цагаатгах шийдвэр эцэслэн хүчин төгөлдөр болжээ.
О Ён Су нь 2022 оны арваннэгдүгээр сард театрын хамтлагт хамтран ажиллаж байсан эмэгтэйг 2017 онд хоёр удаа хүч хэрэглэн бэлгийн шинжтэй үйлдэл хийсэн гэх үндэслэлээр яллагдагчаар татагдсан юм. Прокурорын мэдээлснээр тэрээр эмэгтэйг зөвшөөрөлгүй тэвэрч, гэрийнх нь үүдэнд хацар дээр нь үнссэн гэж үзсэн байна.
Анхан шатны шүүх О Ён Сүг буруутайд тооцож, найман сарын хорих ял оноосон ч хоёр жилийн хугацаагаар тэнсэн харгалзах шийдвэр гаргаж байв. Тухайн үед шүүх хохирогчийн бэлгийн хүчирхийллийн хохирогчдод зөвлөгөө өгдөг төвд өгсөн мэдүүлэг, ойрын хүнийх нь яриа, өдрийн тэмдэглэл болон О Ён Сүгийн уучлал хүссэн зурвасыг нотлох баримт гэж үзжээ.
Харин давж заалдах шатны шүүх эрүүгийн хэрэгт хүнийг буруутай гэж тогтоохын тулд эргэлзээгүй хангалттай нотлох баримт шаардлагатайг онцолж, эргэлзээ байгаа тохиолдолд түүнийг яллагдагчийн талд шийдвэрлэх ёстой гэж дүгнэсэн байна.
Шүүх О Ён Су уг эмэгтэйд зохисгүй үйлдэл хийсэн байж болзошгүй гэсэн хардлага үүсэх үндэслэл байгаа ч түүний мэдүүлэг цаг хугацааны явцад өөрчлөгдөж, дурсамж нь гажуудсан байх магадлалтай гэж үзжээ.
Мөн хэргийн цаг хугацааны талаар мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй байсан нь анхаарал татсан байна. Зөвлөгөөний төвийн тэмдэглэлд тэврэлт болон үнсэлт нэг өдөр болсон гэж тэмдэглэгдсэн бол албан ёсны гомдол гаргахдаа уг эмэгтэй хоёр үйл явдал өөр өөр өдөр болсон гэж мэдүүлжээ.
Тэврэлтийн тухайд давж заалдах шатны шүүх өөр байр суурь илэрхийлсэн байна. Шүүхийн үзсэнээр О Ён Су “Тэврэлдье” гэж хэлсний дараа эмэгтэй тодорхой хэмжээнд зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл байгаа аж.
Шүүхийн шийдвэрт “Тэврэлт өөрөө харилцан зөвшөөрсөн үйлдэл байсан гэж үзэх боломжтой. Хэрэв тэврэлт нь хохирогчийн төсөөлснөөс илүү хүчтэй байсан ч энэ нь дангаараа хүч хэрэглэн бэлгийн шинжтэй үйлдэл хийсэн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангахгүй” гэж дурджээ.
Харин гэрийнх нь үүдэнд болсон гэх үнсэлтийн талаар эмэгтэй хаалганы кодоо оруулж байх үед хөдөлгөөн мэдрэгч гэрэл унтарч, харанхуй болсон мөчид О Ён Су баруун хацар дээр нь гэнэт үнссэн гэж мэдүүлсэн байна.
Гэвч давж заалдах шатны шүүх прокурорын мөрдөн шалгах ажиллагааг хангалтгүй байсан гэж дүгнэжээ. Тухайлбал, хөдөлгөөн мэдрэгчтэй гэрэл хэр удаан асдаг, эмэгтэй кодоо оруулж байх хугацаанд унтарч болох эсэхийг огт шалгаагүй нь уг мэдүүлгийг батлах нэмэлт нотолгоо дутуу байсныг илтгэнэ гэж үзсэн байна.
Мөн О Ён Сүгийн илгээсэн уучлал хүссэн зурвас нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэсэн утгатай гэж үзэх боломжгүй гэж шүүх дүгнэжээ.
Шүүхийн шийдвэрт “Шүүгдэгч асуудлыг хурцатгахгүйгээр эвээр шийдвэрлэхийн тулд уучлал хүссэн бололтой. Тухайн зурвасыг бүхэлд нь авч үзвэл энэ нь тодорхой нэг гэмт үйлдлийг хүлээн зөвшөөрсөн бус, ерөнхий утгатай уучлал байсан гэж тайлбарлах боломжтой” хэмээн онцолсон байна.
Хуваалцах:
Майкл Жексоны намтарчилсан кино бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой намтар кино боллоо
3 цагийн өмнө

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.