dobu.mndobu

С.Мөнхбат: Энэ жил барилдахгүй, ер нь больё гэж бодож байна

С.Мөнхбат: Энэ жил барилдахгүй, ер нь больё гэж бодож байна

Улсын баяр наадам дөхсөнтэй холбогдуулан бөхийн барилдааны асуудлыг яригдаж эхэллээ. Үүнтэй холбогдуулан Улсын аварга С.Мөнхбат байр сууриа илэрхийлэв. 

Тэрбээр "Сүүлийн жилүүдэд 1024 бөхийн барилдаан шөнө болтол үргэлжлээд байгаа. Тэгэхээр үзэгчдээ уйдаахгүй гэдэг байдлаар наадам зохион байгуулагчид гурван өдөр барилдуулах зохицуулалт хийсэн байх. Бөхчүүдийн хувьд гурван өдөр барилдах нь ийм, тийм гэж хэлэхэд хэцүү байна. Үндэсний бөхийн хамгийн үнэ цэнтэй зүйл нь есөн хөлт цагаан тугаа тойрох байдаг. Гэтэл эхний өдрийн барилдаанд есөн хөлт цагаан тугаа тойрохгүй болгож байгаа нь харамсалтай байна.

Сүүлийн жилүүдэд сумын наадам, аймгийн наадам эхлэхэд түрүү бөх нь тодорчихсон байдаг болсон нь нууц биш. Монгол бөхийг ёс заншил, жудаг гэдэг талаас нь манайхан ойлгохгүй байна. Тэр чиглэлд нь хөгжүүлэх, ойлгуулах хэрэгтэй.

Төрийн наадам гэдэг бол Монгол үндэстний хамгийн том дархлаа. Гэтэл энэ наадмын дараа допингийн асуудал яригддаг болсон нь үнэхээр харамсалтай. Монгол бөх төдийгүй Монголын ард түмэнд маш онцгүй зүйл болж байгаа. Допингийн асуудлыг шийдэхгүй олон жил боллоо. Допинг хэрэглэж үзүүр, түрүүнд шалгарч байгаа нь гэмт хэргийн шинжтэй зүйл. Тэр олон бөхчүүдийг, цаана нь байгаа ард түмнийг хуурч, Төрийн наадмыг бохирдуулж байгаа хүмүүст үнэхээр харамсаж байна. Би энэ жил барилдахгүй, ер нь больё гэсэн бодолтой байна. Дээшээ даваанд барилдахгүй болчихоор найраа хийх хэмжээнд үнэлэгдэнэ гэдэг бол харамсалтай" хэмээн хэллээ. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.