0

Киви жимс нь жижигхэн хэмжээтэй ч амин дэм, эрдэс бодисоор баялаг бөгөөд хүний эрүүл мэндэд олон талаар ашиг тустай болохыг хоол зүйчид онцолж байна. Судалгаагаар кивийг тогтмол хэрэглэх нь дархлааг дэмжих, зүрхний эрүүл мэндийг хамгаалах, хоол боловсруулалтыг сайжруулах, арьсны эрүүл байдлыг хадгалах, нойрны чанарыг сайжруулахад эерэг нөлөө үзүүлдэг аж.
Хоол зүйч Алекс Тернбуллын хэлснээр киви нь С аминдэмийн маш сайн эх үүсвэр бөгөөд дархлааны тогтолцооны хэвийн үйл ажиллагаанд чухал үүрэгтэй. С аминдэм нь хүчтэй антиоксидант учраас эсийг гэмтлээс хамгаалж, халдварын үед хамгийн түрүүнд ажилладаг дархлааны эсүүдийн үйл ажиллагааг дэмждэг. Нэг ширхэг киви жимс л хүний өдөрт авах шаардлагатай С аминдэмийн 60 гаруй хувийг хангадаг байна.
Мөн кивинд агуулагдах С аминдэм болон кали нь цусны даралтыг бууруулахад тустай бөгөөд энэ нь зүрх, судасны эрүүл мэндийг дэмждэг. Судалгаагаар өдөрт хоёр ширхэг киви хэрэглэсэн эрүүл хүмүүсийн систолын даралт буурсан үзүүлэлт ажиглагджээ.
Киви нь эслэгээр баялаг тул хоол боловсруулалтыг сайжруулж, өтгөн хаталтаас сэргийлэхэд тустай. Түүнчлэн уургийг задлахад тусалдаг актинидин хэмээх байгалийн фермент агуулдаг бөгөөд энэ нь хоол боловсруулалтыг илүү хөнгөвчилдөг байна.
Арьсны эрүүл мэндэд ч киви эерэг нөлөөтэй. С аминдэм нь коллаген үүсэхэд зайлшгүй шаардлагатай тул арьсны уян хатан чанарыг хадгалж, үрчлээ үүсэх явцыг удаашруулахад дэмжлэг үзүүлдэг.
Үүнээс гадна киви нь мелатонин агуулдаг бөгөөд энэ нь хүний унтах, сэрэх хэмнэлийг зохицуулдаг даавар юм. Судалгаагаар унтахаас нэг цагийн өмнө хоёр ширхэг ногоон киви идсэн хүмүүсийн нойрны чанар сайжирч, унтах хугацаа уртассан төдийгүй стрессийн түвшин буурсан байна.
Нэг ширхэг буюу 75 грамм киви нь 48 килокалори илчлэгтэй бөгөөд 10.5 грамм нүүрс ус, 2 грамм эслэг, 1 грамм уураг, 56 мг С аминдэм, 30 мкг К аминдэм, 148 мг кали агуулдаг.
Киви нь ихэнх хүмүүст аюулгүй хүнс боловч киви болон латекст харшилтай хүмүүс хэрэглэхээсээ өмнө эмч, хоол зүйчтэй зөвлөлдөхийг мэргэжилтнүүд зөвлөж байна. Кивийг шинэхэнээр нь идэхээс гадна смүүти, жимсний салат, сальса, тараг, гранола зэрэг олон төрлийн хоол хүнсэнд нэмж хэрэглэж болно.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.