dobu.mndobu

“Испани, Исландад 27 жилийн дараа бүтэн нар хиртэлт тохиож, сая сая хүн ажиглав

“Испани, Исландад 27 жилийн дараа бүтэн нар хиртэлт тохиож, сая сая хүн ажиглав

Испанийн хойд нутгаар өчигдөр /2026.08.12/ орой ховор тохиох бүтэн нар хиртэлт болж, олон сая хүн байгалийн ховор үзэгдлийг үзэж сонирхжээ. Нар бүрэн халхлагдах мөчид тэнгэр харанхуйлж, үзэгчид гайхан биширч, алга ташин баярласан байна.

Мадридын хойд хэсгийн Буйтраго-де-Лосоя зэрэг хөдөө орон нутагт нар хиртэлтийг ажиглах тусгай цэгүүд байгуулж, аюулгүй байдлыг хангахын тулд Испанийн эрх баригчид 25 мянган цагдааг дайчилжээ. Мөн бараг 100 онгоц, нисдэг тэргийг бэлэн байдалд оруулсан байна.

Буйтраго-де-Лосояд орой 20:30 орчимд нар бүрэн халхлагдахад тэнгэрийн хаяанд нарны гэрлийн тод цэгүүд болох “Бэйлийн сувд” үзэгдэж, бүтэн хиртэлт нэг минут орчим үргэлжилжээ.

Эдийн засагч Диего Фернандес “Бүтэн хиртэлтийн дараа өнгө аажмаар эргэн ирэх нь үнэхээр гайхалтай. Эхлээд улаан, дараа нь цэнхэр өнгө гарч ирэх нь үүр цайх, нар жаргахтай адил бөгөөд хүний тархийг хүртэл хуурч байгаа мэт санагдсан” хэмээн ярьжээ.

Исландад мөн олон мянган хүн нар хиртэлтийг ажиглахаар цугласан байна. Нийслэл Рейкьявикт үүл ихтэй байсан ч тус улсын баруун хэсэгт үүлний завсраар үзэгдлийг харах боломж бүрджээ. Бүтэн хиртэлт Исландын баруун захад орон нутгийн цагаар 17:44 орчимд хүрч, зарим газарт хоёр минут 13 секунд хүртэл бүрэн харанхуй болсон байна.

Исландын 400 мянга орчим хүн амын тооноос гадна 80 мянга хүртэлх жуулчин энэ үеэр тус улсад ирсэн гэж мэдээлжээ. Нар хиртэлтийг аюулгүй ажиглах зориулалттай тусгай нүдний шил Рейкьявикт хэд хоногийн өмнөөс дууссан байна.

Энэ удаагийн үзэгдэл нь Баруун Европт 27 жилийн дараа тохиосон анхны бүтэн нар хиртэлт байлаа. “Queen” хамтлагийн гитарчин асан Брайан Мэй Испанийн Теруэль мужийн нэгэн ажиглалтын төвд очиж, хиртэлтийн үеэрх мөчүүдээ олон нийтийн сүлжээнд хуваалцжээ.

Испанийн эрх баригчид хиртэлтийн зурвасын дагуух хойд нутгууд болон Балеарын арлуудад нийт зургаан сая хүртэлх жуулчин ирнэ гэж тооцоолж байв. Энэ нь аялал жуулчлалын ачаалал ихтэй далайн эргийн бүсээс гадна Испанийн хөдөө орон нутгийг сурталчлах боломж болсон байна.

Гэвч нар хиртэлт Испанид ойн түймрийн эрсдэл өндөр байдаг улиралтай давхцжээ. Пеньискола хотын ойролцоох ажиглалтын цэгийн дэргэд автомашинаас гал гарч, улмаар ойролцоох 33 автомашинд тархсан байна. Гал сөнөөгчид уг галыг шуурхай унтраажээ.

Эрх баригчдын мэдээлснээр нар хиртэлтийг үзэхээр ирсэн хүмүүсээс шалтгаалсан томоохон ойн түймэр гараагүй байна.

Испанийн нутаг дэвсгэрт дараагийн бүтэн нар хиртэлт 2027 оны наймдугаар сарын 2-нд тохиох бол 2028 оны нэгдүгээр сард цагираг хэлбэрийн нар хиртэлт болох юм. Эдгээрийг хамтад нь “Иберийн нар хиртэлтийн гурвал” хэмээн нэрлэж байна. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.