0

Пуэрто-Рикогийн мэргэжлийн боксчин асан Причард Колон 33 насандаа нас баржээ. Тэрбээр 2015 онд болсон тулааны үеэр тархиндаа хүнд гэмтэл авч, улмаар долоон сар комд байсан юм.
Колоныг нас барсан тухай мэдээг түүний эцэг Ричард 2026 оны наймдугаар сарын 14-нд олон нийтийн сүлжээгээр дамжуулан мэдэгджээ.
Колон 2015 онд Террел Уильямстай тулалдах хүртлээ мэргэжлийн бокст 16-0, 13 нокауттай байсан бөгөөд ирээдүйтэй залуу тамирчинд тооцогдож байв.
Гэвч уг тулааны үеэр Колоны толгойн ар хэсэгт хэд хэдэн удаа хориотой цохилт ирсэн байна. Колон шүүгчид энэ талаар мэдэгдсэн ч тулаан үргэлжилжээ. Улмаар тэр есдүгээр үед хүнд цохилт авч унасан байна.
Тулааны дараа булангийн багийнхан тулаан дууссан гэж андуурч, Колоны бээлийг тайлсан боловч шүүгч түүнийг өрсөлдөгчдөө хасагдсан гэж шийдвэрлэжээ.
Колон хувцас солих өрөөндөө очсоныхоо дараа бөөлжиж, улмаар ухаан алдан унасан байна. Түүнийг яаралтай эмнэлэгт хүргэхэд тархины хатуу хальсны доорх цус хуралт буюу subdural hematoma оношлогджээ.
Эмч нар тархины хавдрыг бууруулж, цус хуралтыг авахын тулд яаралтай мэс засал хийсэн байна. Үүний дараа Колон долоон сар гаруй хугацаанд комд байжээ.
Тэрбээр эцэст нь комоос гарсан ч тархины хүнд гэмтлийн улмаас биеийн байдал нь маш хүнд хэвээр үлджээ. Өөрөө ярьж чадахгүй болсон бөгөөд компьютерын тусламжтайгаар харилцдаг байв. Түүнийг нас барах хүртэл гэр бүлийнхэн нь асран хамгаалж байжээ.
Колон өсвөр насандаа сонирхогчийн боксоор хичээллэж, 141 болон 152 фунтын жинд улсын аварга болж байсан байна. Мөн 2012 оны Лондонгийн Олимпод оролцох эрхийн төлөөх сонгон шалгаруулалтад өрсөлдсөн ч эхний шатанд ялагджээ.
Үүний дараа тэр мэргэжлийн боксчин болохоор шийдэж, 2013 оны хоёрдугаар сард анхны мэргэжлийн тулаанаа хийсэн байна. Тэрбээр хоёр гаруй жилийн хугацаанд дараалан 16 тулаанд ялалт байгуулж, боксын ертөнцийн ирээдүйтэй тамирчдын нэг болоод байв.
Гэвч Террел Уильямстай хийсэн харамсалтай тулаан түүний карьер болон амьдралыг үүрд өөрчилжээ. Тус тулаан нь Колоны мэргэжлийн карьер дахь цорын ганц ялагдал болсон бөгөөд түүнээс хойш тэр дахин рингэнд гараагүй юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.