dobu.mndobu

BTS хамтлагийн Жон Гүүк болон бусад хүмүүсийн хаягийг хакердсан Хятадын иргэнд 20 жилийн ял оноолоо

BTS хамтлагийн Жон Гүүк болон бусад хүмүүсийн хаягийг хакердсан Хятадын иргэнд 20 жилийн ял оноолоо

БНСУ-ын Сөүл хотын шүүх BTS хамтлагийн гишүүн Жонгүг болон чинээлэг бизнес эрхлэгчдийг онилсон хакерын бүлгийг удирдсан Хятадын иргэнд 20 жилийн хорих ял оноожээ.

Тус этгээдийг хохирогчдын хувийн мэдээллийг хууль бусаар олж авч, тэдний нэр дээр гар утасны дугаар болон санхүүгийн данс нээн, хөрөнгө мөнгийг нь шилжүүлсэн хэрэгт буруутгасан байна. Хакерын бүлэглэл нийт 38 тэрбум гаруй воны буюу 27 сая ам.доллар орчим хөрөнгө хохироосон гэж мөрдөн шалгалтаар тогтоожээ.

Шүүхээс ял оноохдоо гэмт этгээдүүд хөрөнгө чинээтэй хүмүүсийг зориудаар бай болгож, ямар нэгэн буруугүй хохирогчдын хөрөнгийг хууль бусаар шилжүүлсэн нь ноцтой гэмт хэрэг гэж үзсэн байна. Мөн яллагдагч хийсэн үйлдэлдээ хангалттай хэмжээнд гэмшээгүй гэж дүгнэжээ.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хакерын бүлэглэл 2023 оноос 2025 он хүртэл үйл ажиллагаа явуулж, төрийн болон олон нийтийн байгууллагын цахим системээс иргэдийн хувийн мэдээллийг хууль бусаар цуглуулдаг байсан нь тогтоогджээ. Улмаар уг мэдээллийг ашиглан хохирогчдын нэр дээр гар утасны дугаар нээж, санхүүгийн данс болон криптовалютын хөрөнгөд нь нэвтэрч байжээ.

Тэдний бай болсон хүмүүсийн дунд BTS-ийн Жонгүг болон Өмнөд Солонгосын томоохон конгломератын удирдлагууд багтсан байна.

Жонгүгийн хувьд 2024 оны нэгдүгээр сард түүний нэр дээр үнэт цаасны данс нээж, HYBE-д эзэмшдэг 8.4 тэрбум воны хувьцааг шилжүүлэхийг оролдсон байна. Гэвч түүний агентлаг болох BigHit Music сэжигтэй гүйлгээг шуурхай илрүүлж, арга хэмжээ авснаар Жонгүг бодит санхүүгийн хохирол амсаагүй байна.

Хэрэгт холбогдсон хакерын бүлэглэл Тайланд зэрэг улс орнуудад үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд өмнө нь өөр нэг Хятадын иргэн тус бүлгийн удирдагчдын нэгээр тогтоогдон Өмнөд Солонгост шилжүүлэн авчирч, яллагдагчаар татагдсан юм.

Энэ хэрэг нь алдартнууд болон өндөр хөрөнгөтэй хүмүүсийн хувийн мэдээллийг ашиглан санхүүгийн дансанд нь нэвтрэх кибер гэмт хэргийн цар хүрээ, эрсдэлийг дахин харуулсан хэрэг болж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.