0

Өмнөд Солонгосын алдарт уран бүтээлч G-Dragon McDonald’s-ын Азийн 13 зах зээлийг хамарсан томоохон маркетингийн кампанит ажлын нүүр царай болжээ.
McDonald’s Korea лхагва гарагт тус кампанит ажлыг есдүгээр сарын 17-нд Өмнөд Солонгост эхлүүлж, улмаар Азийн бусад зах зээлд үе шаттайгаар өргөжүүлэхээр төлөвлөснөө мэдэгдсэн байна.
Хөгжим, загвар, урлаг болон поп соёлын салбарт өөрийн гэсэн байр суурийг бий болгосон G-Dragon-ы нэр хүндийг McDonald’s-ын дэлхий даяарх танигдсан брэндтэй хослуулсан энэхүү хамтын ажиллагаа олон нийтийн анхаарлыг татаж байна.
Кампанит ажлын хүрээнд Өмнөд Солонгосын уламжлалт халуун ногоотой амтлагч болох гочужангаас санаа авсан тусгай цэсний бүтээгдэхүүнүүд худалдаанд гарна. Азийн 13 зах зээл бүгд McDonald’s Korea-гийн боловсруулсан гочужан цөцгийн тосны сүмсийг үндсэн амт болгон ашиглах бол зарим оронд бүтээгдэхүүний нэрэнд “гочужан” гэсэн нэрийг шууд оруулах аж.
Өмнөд Солонгост есдүгээр сарын 17-ноос “МакКриспи Гочужан цөцгийн тос” болон “МакСпици Гочужан цөцгийн тос” нэртэй хоёр шинэ бүтээгдэхүүн худалдаанд гарна. Эдгээр нь өөр өөр төрлийн шарсан тахианы котлетыг гочужан цөцгийн тосны сүмстэй хослуулсан бөгөөд халуун ногоотой, давслаг амтыг хослуулсан онцлогтой. Мөн уг сүмсийг дангаар нь худалдаалах юм байна.
Үүнээс гадна McDonald’s Korea G-Dragon-ы үүсгэн байгуулсан загварын брэнд PEACEMINUSONE-той хамтран хязгаарлагдмал тооны тусгай бараа бүтээгдэхүүн гаргахаар болжээ. Одоогоор бүтээгдэхүүний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулаагүй байгаа ч хоёр брэндийн онцлогийг тусгасан, өдөр тутмын хэрэглээнд тохирох бүтээгдэхүүнүүд байна гэж мэдээлсэн байна.
McDonald’s Korea-гийн төлөөлөгч “Энэхүү кампанит ажил нь Солонгост төлөвлөгдөж, Ази даяар хэрэгжихээрээ онцгой ач холбогдолтой. McDonald’s болон G-Dragon-ы тусгай хамтын ажиллагаагаар дамжуулан Азийн хэрэглэгчдэд Солонгосын соёлын шинэ өнгө аясыг хүргэж, McDonald’s-ын онцгой мөчүүдийг мэдрүүлэхийг хүсэж байна” хэмээн ярьжээ.
Ийнхүү G-Dragon-ы хөгжим, загварын ертөнцөд бий болгосон нөлөө болон McDonald’s-ын дэлхий даяарх нэр хүндийг хослуулсан шинэ кампанит ажил Азийн 13 зах зээлд хэрэгжихээр болж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.