0

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллаж байна. Тэрбээр тус аймагт хүрэлцэн ирсэн даруйдаа Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг залах ёслолд оролцлоо.
“Их Эзэн Чингис хаан бол Монгол Улсын оршин тогтнохуйн баталгаа, үндэстний эв нэгдлийн бэлгэдэл, монголчуудын эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийн оюун санааны алтан хэлхээ юм. Монголчууд бидний эрхэм дээд үнэт зүйл, эрхэмлэн дээдлэх оройн дээд шүтээн бол Их Эзэн Чингис хаан” гэж Ерөнхийлөгч онцлон тэмдэглэв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг хүргэж байна.

“Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаа манай улсын ард иргэд ээ,
Дэлхий даяар тархан суугаа элэг нэгт монгол ахан дүүс ээ,
Эрхэм хүндэт зочид оо,
Та бүхэнд ерөөл бэлгэ, өлзий учрал тэгш дүүрэн бүрдсэн энэ сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.
Уудам сайхан эх орныхоо алс баруун хязгаар Баян-Өлгий аймгийн Сагсай суманд байрлах Монгол Алтайн нурууны салбар уулсад хамаарах Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг залж, далай их өвөг дээдэстээ гүн хүндэтгэл үзүүлэхээр Та бид өнөөдөр хуран цуглаад байна.
Энэ жил Эзэн Чингис хааны төрт ёс, түүх, соёл, хууль цаазын дор монгол туургатныг нэгтгэн, өнө эртнээс улбаатай Монгол төрийн ариун гал голомтыг бадраан Их Монгол Улсыг байгуулсан түүхт 820 жилийн тэгш ой тохиож байна.
Монголчууд бид ертөнц дахинд бахдан гайхуулж, өнө мөнхөд бахархан дээдлэх тэнгэр заяат аугаа их хаантай ард түмэн билээ.
Их Эзэн Чингис хаан бол Монгол Улсын оршин тогтнохуйн баталгаа, эв нэгдлийн бэлгэдэл, эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийн оюун санааны алтан хэлхээ юм.
Их Эзэн Чингис хаан Монголын төдийгүй дэлхий ертөнцийн түүхэнд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж, хүн төрөлхтний хөгжил дэвшлийн үндэс суурийг цогцлооход онцгой гавьяа байгуулсан билээ.
Эзэн Богд Чингис хаан, түүний залгамжлагчид Евроазийн өргөн уудам нутагт Ази, Европын олон үндэстэн хоорондын дайн тулаан, зөрчил, тэмцэлдээнийг зогсоож, дэлхий дахинд “Монголын их амар амгалан”-г тогтоож, улс түмнүүдийн харилцаа холбоо, эе эвийг бэхжүүлэн, оюун санаа, шашин шүтлэг, худалдаа арилжаа, соёл, урлаг, шинжлэх ухаан хийгээд тухайн үеийн хүний нийгэм хөгжин дэвжих таатай нөхцөлийг бүрдүүлж чадсан түүхтэй.
Монгол Улсын Ерөнхийлөгч өвөг дээдсийнхээ бахдам түүх, баатарлаг гавьяаг хадгалан хамгаалж, түгээн дэлгэрүүлж, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах, эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах, Монгол үндэстний бахархал морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх, Монголын түүхийн иж бүрэн 30 боть номыг шинээр бүтээх зарлиг гаргасан.
Их хааныхаа музейг байгуулж, “Чингис хаан” хэмээх алдар нэрийг ертөнц дахинаа анхлан дуурьсгасан Хар Зүрх уулыг төрийн тахилгатай болгон, үеийн үед шүтэн дээдлэх Их Эзэн Чингис хааны Алтан шүтээн, Их цагаан туг, Төрийн хасбуу тамгыг бүтээн залж, монгол түмнийхээ их шүтээн болгосон.
Тэгвэл энэ удаа Эзэн Богд Чингис хааны Шүтээн хөргийг аймаг бүр бүтээн байгуулах тухай зарлиг буулгаж, Их хааны суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж, төрт ёсны үнэт зүйл, өв соёлыг үр хойчдоо өвлүүлэн үлдээж, эв эеэ сахин бататгаж, улс орноо мандуулахад хувь нэмрээ оруулахыг Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаа монгол хүн, Монгол Улсын иргэн бүрд уриалж байна.
Эрхэмлэн дээдлэх үнэт зүйл, дээдлэн шүтэх шүтээнтэй улс үндэстэн хөгжин манддаг жамтай.

Монголчууд бидний эрхэм дээд үнэт зүйл, эрхэмлэн дээдлэх оройн дээд шүтээн бол Их Эзэн Чингис хаан юм.
Эзэн Богд Чингис хаан бол хаан хүний эрдэм чадлыг цогцлоон мэндэлж, өвөг дээдсийнхээ байгуулсан төрт ёсны түүхийг залгамжилж, төр улс, түмэн олноо засах билиг ухааныг өвлөн, зон олныхоо сэтгэлийг хурааж, итгэлийг олсон аугаа их хүмүүн юм.
Дэлхийн улс үндэстнүүд үнэт зүйлсээ харилцан хүлээн зөвшөөрч, олон соёл иргэншил, шашин шүтлэг зэрэгцэн орших учиртайг анхлан мэдрүүлж, хүн төрөлхтний хөгжил дэвшилд онцгой гавьяа байгуулсан их хааны түүхэн үйл хэрэг, алдар гавьяаг хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрдөг билээ.
Их Эзэн Чингис хааны түүх бол дан ганц монголчуудын түүх биш, дэлхий ертөнцийн түүх юм.
Тиймээс дэлхийн мянганы суут хүмүүн, өнөөгийн дэлхий ертөнцийг үндэслэгчдийн нэг, хаадын хаан Их Эзэн Чингис хааны үйл хэргийг судлан шинжилж, хадгалан хамгаалж, улс орондоо төдийгүй дэлхий ертөнцөд сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэх нь Их хаанаараа овоглосон монгол хүн, иргэн бүрийн үеийн үед эрхэмлэн дээдэлж явах учиртай ариун үүрэг мөн.
Эзэн Богд Чингис хааны мэлмий гийсэн морин жил бол монгол түмэнд ивээл хишиг, сүр хүч, сүлд хийморио хайрлаж ирсэн билээ.
Нэгэн жаранд ганц тохиох энэ гал морин жилд Эзэн Богд Чингис хааны Шүтээн хөргийг улс Монголынхоо баруун хязгаар Баян-Өлгий аймгаас эхлэн бүтээн залж, алдаршуулан мөнхжүүлж байна.
Цаашид аймаг бүр байгалийн тогтоц, түүх соёлын өв уламжлал, нутгийн онцлогтой уялдуулан бШүтээн хөргийг бүтээн залж, эрхэмлэн дээдэлж, төрт ёсны үнэт өвийг алдаршуулан мөнхжүүлэх учиртай.
Их Монгол Улс байгуулагдсаны түүхт 820 жилийн ойг тохиолдуулан дэлхийн мянганы суут хүмүүн, хаадын хаан-Эзэн Богд Чингис хааны Шүтээн хөргийг ийнхүү ёслол төгөлдөр нээж байна.

Их Эзэн Чингис хааны “Алтан бие минь алжааваас алжаатугай, Аху төр минь бүү алдартугай, Бүтэн бие минь зовбоос зовтугай, Бүрэн улс минь бүү задартугай” хэмээн амь биеэсээ илүү аху их төр улсаа ашид эрхэмлэн дээдлэх учиртайг гэрээслэн сануулсан билиг сургаал монгол түмний минь сэтгэл зүрхэнд өнө мөнхөд орших учиртай.
Мөнх тэнгэрийн хүчин дор Их Эзэн Чингис хааны суу алдар, сүр хүч монголчууд биднийг өнө мөнхөд ивээх болтугай” гэлээ.
Ерөнхийлөгч мөн Эзэн Богд Чингис хааны Шүтээн хөргийг бүтээн байгуулах тухай гаргасан зарлигийг Баян-Өлгий аймагт үүрд хадгалуулахаар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Бегарыст гардууллаа.
Шүтээн хөргийг Ерөнхийлөгчийн санаачилгаар Зэвсэгт хүчний дугаар ангиудын алба хаагчид бүтээсэн байна.

Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.