0

/2026.09.16/ Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх хил хамгаалах байгууллагын бие бүрэлдэхүүн, ажилтан, алба хаагчид, ахмад хилчидтэй уулзлаа.
Тэрбээр эх орныхоо хилийн халдашгүй дархан байдал, улсын хилийн аюулгүй байдлыг хангах хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлж буй нийт хилчдэд Хил хамгаалах байгууллага үүсэн байгуулагдсаны 93 жилийн ой, Хилчдийн өдрийн мэндчилгээ дэвшүүлж, ажлын амжилт хүслээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хилийн халдашгүй дархан байдлыг хамгаалж, ард иргэдийнхээ амар тайван амьдралын баталгаа болж буй хилчдийн албыг онцлон тэмдэглээд, нийт бие бүрэлдэхүүнд талархал илэрхийлэв.
Мөн төрийн тэргүүн, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчаар ажиллах хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар танилцууллаа. Тэр дундаа хил хамгаалах салбарт хэрэгжүүлсэн шинэчлэл, үзүүлсэн дэмжлэг, санаачилсан хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны бодлогын талаар мэдээлэл өгсөн байна.
Түүнчлэн Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал болон цаашид хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээний талаар уулзалтад оролцогчдод танилцуулжээ.
Уулзалтын үеэр ахмад болон залуу хилчдийн төлөөлөл үг хэлж, хил хамгаалах байгууллагын үйл ажиллагаа, алба хаагчдын өмнө тулгамдаж буй асуудал, цаашдын зорилтын талаар байр сууриа илэрхийлсэн байна.


Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.