0

BLACKPINK хамтлагийн гишүүн LISA удахгүй худалдаанд гарах шинэ EP цомгийнхоо талаар ярьж, уран бүтээл бүр өөрийн гэсэн өнгө аястай бөгөөд нийлээд нэгэн төрлийн кино шиг мэдрэмж төрүүлнэ хэмээн онцолжээ.
Тэрбээр NBC телевизийн “The Tonight Show Starring Jimmy Fallon” нэвтрүүлэгт оролцох үеэрээ зургаан дуунаас бүрдэх “PRESS PLAY” нэртэй шинэ EP-гээ аравдугаар сарын 23-нд гаргахаар төлөвлөж байгаагаа танилцуулсан байна.
LISA-ийн хэлснээр тус EP нь төрсөн нутаг Тайландаас эхэлсэн түүний уран бүтээлийн замнал, өнөөдрийн түвшинд хүрсэн түүхийг харуулах бөгөөд дуунуудад нь Тайландын соёл, хөгжмийн элементүүд тусгагджээ. Мөн дуу бүр өөрийн гэсэн дүр, уур амьсгалтай бөгөөд тэдгээрийг нэгтгэн “кино” мэт цогц бүтээл болгосон байна.
Шинэ цомгийн эхний сингл болох “SaWaDiKa” дуу энэ сарын эхээр цацагдсан бөгөөд дууны нэр нь LISA-ийн төрөлх хэлээр “Сайн байна уу” гэсэн утгатай. Тус дуу YouTube-д нээлтээ хийснээсээ хойш 24 цагийн дотор 70 сая гаруй үзэлт авч, Billboard Hot 100 жагсаалтад 69 дүгээр байрт бичигджээ.
Харин “PRESS PLAY” EP-ийн нийт дууны жагсаалт одоогоор бүрэн зарлагдаагүй байна. LISA-ийн мэдээлснээр дөрөв дэх дуу нь дараагийн сингл болох бөгөөд нэр нь “T” үсгээр эхлэх аж.
Мөн тэрбээр BLACKPINK-ийн замнал бүтэлгүйтсэн тохиолдолд бүжгийн багш болох, эсвэл тайзны уран бүтээлчээр ажиллахыг “Plan B” гэж бодож явснаа нэвтрүүлгийн үеэр хуваалцжээ.
LISA-ийн уран бүтээлийн тухай “Always Lalisa” нэртэй баримтат кино мөн үзэгчдийн хүртээл болох гэж байна. Sue Kim-ийн найруулсан тус бүтээл аравдугаар сарын 12-ноос дэлхийн кино театрууд болон IMAX дэлгэцээр гарч, дараа нь YouTube Premium-ээр цацагдахаар төлөвлөгджээ.
Түүнчлэн LISA 2026 онд Лас Вегасын Caesars Palace-ийн The Colosseum-д дөрвөн тоглолт хийхээр болсон бөгөөд ингэснээр Лас Вегаст тогтмол тоглолт хийсэн анхны K-pop уран бүтээлч болж байна.
Тэрбээр мөн 2026 оны FIFA World Cup-ын нээлтийн ёслолд Anitta, Rema нарын хамт оролцож, хөлбөмбөгийн дэлхийн аваргын нээлтэд тоглосон анхны эмэгтэй K-pop болон Тайландын уран бүтээлч болсон байна.
Үүнээс гадна LISA Vanity Fair сэтгүүлийн 2026 оны зуны дугаарын нүүрийг чимж, 2026 оны Met Gala-гийн зохион байгуулагчдын хороонд ажилласан анхны K-pop уран бүтээлч болсон юм. Мөн “The White Lotus” цувралаар жүжигчний анхны дүрээ бүтээж, Netflix-ийн хоёр төсөлд оролцохоор ажиллаж байна.
Түүний оролцсон “The Tonight Show Starring Jimmy Fallon” нэвтрүүлэг есдүгээр сарын 16-нд цацагджээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.