dobu.mndobu

Солонгост жирэмслэлтийг эмийн аргаар зогсоохыг албан ёсоор зөвшөөрчээ

Солонгост жирэмслэлтийг эмийн аргаар зогсоохыг албан ёсоор зөвшөөрчээ

Өмнөд Солонгосын Засгийн газар жирэмсний хугацаа есөн долоо хоног хүртэлх тохиолдолд эмийн аргаар үр хөндөлт хийх боломжийг бүрдүүлэхээр болжээ. Шинэ зохицуулалтыг 2027 оны гуравдугаар сарын сүүлч гэхэд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд эхний хоёр жилд эмийг зөвхөн томоохон эмнэлгүүдэд эмчийн жороор бичиж, эмч өөрөө олгох түр зохицуулалт хэрэгжүүлэх юм. 

Хэрэв энэ хугацаанд шаардлагатай хяналт, аюулгүй ажиллагааны тогтолцоог бүрдүүлж чадвал дараагийн шатанд эмч жор бичиж, эмийн сангаар дамжуулан эмийг олгох хэлбэрт шилжүүлэхээр төлөвлөжээ.

Ерөнхий сайд Хан Сон Сүк есдүгээр сарын 16-нд болсон Засгийн газрын бодлогын зохицуулалтын хурлын үеэр уг төлөвлөгөөг танилцуулсан байна. Тэрбээр үр хөндөлтийн талаар зохицуулалтгүй байдал удаан үргэлжилснээр зарим эмэгтэй хууль бусаар тараагдсан эм болон эрүүл мэндэд аюултай бусад аргыг хэрэглэх нөхцөлд хүрсэн гэж мэдэгджээ.

Өмнөд Солонгост үр хөндөлтийг гэмт хэрэгт тооцож байсан зохицуулалт 2021 онд хүчингүй болсноос хойш энэ асуудлыг зохицуулах шинэ хууль эрх зүйн орчин бүрдээгүй байсан юм. Үндсэн хуулийн шүүх 2019 онд үр хөндөлтийг хориглосон хуулийг Үндсэн хуульд нийцэхгүй гэж үзэж, Үндэсний ассамблейд 2020 оны эцэс гэхэд холбогдох хуулийг шинэчлэх үүрэг өгсөн ч хууль тогтоогчид шинэ зохицуулалт баталж чадаагүй байна.

Гэхдээ Засгийн газрын шийдвэр гарсан даруйд үр хөндөлтийн эмийг хэрэглэх боломж бүрдэхгүй. Учир нь эхлээд эмийг импортлох болон худалдаалах зөвшөөрөл авах шаардлагатай аж.

Эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Hyundai Pharm компани 2024 оны арванхоёрдугаар сард Мифегимисо эмийг импортлох зөвшөөрөл хүссэн бөгөөд уг хүсэлтийг Хүнс, эмийн аюулгүй байдлын яам одоогоор хянаж байгаа юм байна. Яамны Эмийн аюулгүй байдлын товчооны дарга Шин Жүн Сүгийн мэдээлснээр хянан шалгах ажлын нэлээд хэсэг дууссан бөгөөд эмийн эрсдэлийн удирдлагын төлөвлөгөөг үнэлэх зэрэг хэд хэдэн ажиллагаа үлджээ.

Засгийн газрын хамтарсан мэдээллийн үеэр Шин Жүн Сү шаардлагатай импорт болон боловсон хүчний бэлтгэл ажлыг компанийн зүгээс хийж дуусмагц эмийг ирэх оны эхний улиралд нэвтрүүлэх боломжтой болно гэж мэдэгдсэн байна.

Тус улсад зөвшөөрөл авахаар хянагдаж буй Мифегимисо нь мифепристон болон мизопростол гэсэн хоёр эмийг хослуулсан бүтээгдэхүүн юм. Эдгээрийг дарааллан хэрэглэх бөгөөд мифепристон нь жирэмслэлтийг хадгалахад шаардлагатай прогестерон дааврын үйлчлэлийг хориглодог бол мизопростолыг дараа нь хэрэглэснээр умай агшиж, жирэмсний эд гадагшилдаг байна.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мён өнгөрсөн долдугаар сард эмэгтэйчүүд эмийн аргаар жирэмслэлтийг таслах үйлчилгээг эмчийн хяналтан дор аюулгүй авах боломжтой байх шаардлагатайг хөндөж, энэ асуудалд анхаарал хандуулсан юм.

Засгийн газрын төлөвлөгөөний дагуу үр хөндөлтийн эмийг нэвтрүүлэх эхний хоёр жилийн хугацаанд тус улсын эмч жор бичих болон эм олгох үйл ажиллагааг тусад нь явуулах зарчмаас түр хугацаанд чөлөөлөгдөнө. Ингэснээр эмч нар өвчтөнд жор бичихийн зэрэгцээ эмийг өөрсдөө олгох боломжтой болох юм.

Мөн Засгийн газар эмнэлгийн байгууллагуудтай хамтран эмийг хэрэглэхтэй холбоотой эмчилгээний удирдамж боловсруулах, эмийн гаж нөлөөг хянах, хүндрэл гарсан тохиолдолд зохицуулах тогтолцоо бий болгохоор төлөвлөжээ.

Ерөнхий сайд Хан Сон Сүк үр хөндөлтийн эмийг нэвтрүүлэхээс гадна үүсээд буй хууль эрх зүйн орчныг цаашид тодорхой болгохын тулд Эрүүгийн хууль болон Эх, хүүхдийн эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг Засгийн газар дэмжин ажиллана гэж мэдэгдсэн байна.

Түүний хэлснээр эдгээр арга хэмжээ нь үр хөндөлтийг дэмжих зорилготой бус, харин иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалахад чиглэж байгаа аж.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.