0

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын нийгэмлэгүүдийн төлөөллийг хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцов.
Ерөнхий сайд Н.Учрал Монгол, Японы харилцааг хүн төвтэй “Энх тайван, хөгжил цэцэглэлийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд хүргэхэд манай улсыг зүрх сэтгэлээрээ дэмжиж, хоёр улсын хүн хоорондын найрсаг харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө сэтгэл зүтгэлээ зориулж ирсэн найрамдлын нийгэмлэгүүд жинтэй хувь нэмэр оруулж буйг талархан тэмдэглэв. Түүнчлэн, Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар 2025 онд Монгол Улсад айлчилсан нь түүхэнд тэмдэглэгдэх чухал айлчлал болсныг онцолсон юм. Монгол Улсын Засгийн газар хоёр талын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байгааг илэрхийллээ.

Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлал хоёр улсын харилцааг шинэ шатанд хүргэх чухал ач холбогдолтойг тэмдэглэв. Мөн Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хааны айлчлалын дараа Монголыг зорих япончуудын тоо 30 хувиар нэмэгдсэн гэдгийг онцолсон юм.
Найрамдлын нийгэмлэгүүд төдийгүй хоёр улсын харилцаанд өөрсдийн хувь нэмрээ оруулж буй япон иргэд, тэдний халуун сэтгэл, итгэл зүтгэл, нөөц бололцоогоор дамжуулан харилцан ээлтэй хамтын ажиллагааг хүмүүнлэг, боловсрол, соёл, урлаг, бизнесийн салбарт баяжуулан бэхжүүлэх нь чухал ач холбогдолтойг санал нэгтэй тэмдэглэв.
Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэг нь тус улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн асан Т.Хасэгавагийн санаачилгаар 1991 онд байгуулагдсан. Тэргүүнээр нь Япон Улсын Ерөнхий сайд асан Т.Каифү, хүндэт зөвлөхөөр Ерөнхий сайд асан Я.Накасонэ нар тус тус ажиллаж байжээ.
Япон, Монголын нийгэмлэг нь япон иргэдийн санаачилгаар 1959 онд байгуулагдаж, xамгийн удаан хугацаанд үйл ажиллагаа явуулж буй найрамдлын нийгэмлэг юм.

Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.