0

Монгол Улс 2026 онд Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр буюу КАРЕК (CAREC)-ийг даргалж байна. КАРЕК-ийн 25 жилийн ойн хүрээнд Сайд нарын бага хурал, Хөгжлийн түншүүдийн яриа хэлэлцээ, Бизнес форум, Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн форум зэрэг өндөр түвшний арга хэмжээг есдүгээр сарын 28-наас аравдугаар сарын 2-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.
Сайд нарын бага хурлыг өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 29-нд Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр нээж үг хэллээ.
Тэрбээр хэлсэн үгэндээ КАРЕК-ийн бүс нутаг 1.8 тэрбум хүн амтай, ойролцоогоор 20 их наяд ам.долларын эдийн засгийг бүрдүүлж, дэлхийн нийт ДНБ-ий 16.3 хувийг эзэлж байгааг онцлов. Мөн өнгөрсөн 25 жилийн хугацаанд КАРЕК-ийн хүрээнд гишүүн орнуудад 60 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэж, тээврийн коридор, хил дамнасан холболт, эрчим хүч, худалдааны хамтын ажиллагааны суурь тавигдсаныг дурдсан юм.
Монгол Улс 2003 онд КАРЕК хөтөлбөрт нэгдсэнээс хойш 19 төсөлд нийт 1.5 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татаж, авто зам, хилийн боомт, логистикийн дэд бүтцээ хөгжүүлжээ. Цаашид зөвхөн дамжин өнгөрөх тээврээр хязгаарлахгүй, худалдаа, тээвэр, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг холбосон бүс нутгийн зангилаа болох зорилт тавьж байгааг Тэргүүн Шадар сайд онцоллоо.
Түүнчлэн Монгол Улс зэс, газрын ховор элемент зэрэг баялгаа түүхий эд хэлбэрээр бус, боловсруулсан бүтээгдэхүүн болгон бүс нутгийн өртгийн сүлжээнд нийлүүлэхийг зорьж байгааг тэмдэглэв. Энэ хүрээнд хөрөнгө оруулалт, технологи, тээвэр, ложистикийн хамтын ажиллагааг дэмжихийг түнш орнуудад уриаллаа.
КАРЕК-ийн хөтөлбөрийн үр дүн тээврийн салбарт тодорхой харагдаж байгааг дурдсан Ж.Энхбаяр Монгол Улсын баруун бүсийн авто замын коридорын төслийн хүрээнд 743 километр авто зам, хоёр засвар үйлчилгээний төв, жингийн станц байгуулагдсаныг мэдээлэв.
Мөн зам, дэд бүтцийн хөрөнгө оруулалт бүрэн үр өгөөжөө өгөхийн тулд хилийн боомт, гааль, логистик болон мэдээллийн системийг уялдуулах шаардлагатайг онцолж, цаашид дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг хилийн үйл ажиллагааны шинэчлэлтэй уялдуулан хэрэгжүүлэх бодлого баримтлахаа илэрхийллээ.
Монгол Улс КАРЕК-ийн худалдаа, хөрөнгө оруулалтын КАРТИФ хэлэлцээрийг дэмжихийн зэрэгцээ КАРЕК-ийн Дэвшилтэт транзитын системээр дамжуулан гаалийн мэдээлэл, баримт бичгийг цахимаар солилцох, эрсдэлд суурилсан баталгааны тогтолцоог хөгжүүлэх зорилт тавьж байна.
Мөн КАРЕК-ийн Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн форумыг тогтмол үйл ажиллагаатай болгох, АСЕАН-ы Хөрөнгийн зах зээлийн форумтай хамтын ажиллагаа эхлүүлэхийг дэмжиж байгаагаа илэрхийлэв.
Сайд нарын бага хуралд Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгч Масато Канда болон Афганистан, Азербайжан, БНХАУ, Гүрж, Казахстан, Киргизстан, Монгол Улс, Пакистан, Тажикистан, Туркменистан, Узбекистан зэрэг 11 улсын сайд, төлөөлөгчид оролцож байна.



Хуваалцах:
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
2 цагийн өмнө

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.