0

Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг дахь Хустайн нурууны Байгалийн цогцолборт газарт баавгай үзэгдсэн тухай дуудлага, мэдээллийг малчин иргэн өглөөний 09:00 цагийн орчимд тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд ирүүлжээ.
Мэдээллийн дагуу байгаль хамгаалагчид шуурхай ажиллаж, баавгайн байршлыг тогтоон, аюулгүй байдлыг хангах дараагийн шатны арга хэмжээг зохион байгуулсан байна.
Уг ажиллагаанд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хустайн нурууны Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, малын эмч, амьтан судлаач, байгаль хамгаалагч болон холбогдох мэргэжилтнүүд хамтран ажиллажээ.
Мэргэжлийн багийнхан баавгайг унтуулгын буугаар нойрсуулж, нас болон ерөнхий амин үзүүлэлтүүдийг тогтоосон байна. Мөн судалгаа, шинжилгээний зориулалтаар үс, арьс, шүлсээс нийт гурван төрлийн сорьц авчээ.
Улмаар баавгайг тусгайлан бэлтгэсэн төмөр хайрцагт аюулгүй тээвэрлэн, суурьшлын бүсээс гаргаж, Хан Хэнтийн нурууны бүсэд байгальд нь буцаан тавих ажлыг зохион байгуулахаар болжээ.
Холбогдох байгууллага, мэргэжилтнүүдийн хамтарсан энэхүү арга хэмжээ нь хүн, малын аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ зэрлэг амьтныг хамгаалах, байгальд нь эсэн мэнд буцаан нутагшуулахад чиглэж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.