dobu.mndobu

Зургаа хүртэлх насны хүүхэд томуу, томуу төст өвчин тусвал эцэг эх, асран хамгаалагчид нь цалинтай чөлөө олгоно

Зургаа хүртэлх насны хүүхэд томуу, томуу төст өвчин тусвал эцэг эх, асран хамгаалагчид нь цалинтай чөлөө олгоно

Монгол Улсад томуу, томуу төст өвчний улирлын дэгдэлт нэмэгдэж байгаатай холбоотойгоор бага насны хүүхдийн өвчлөл, хүндрэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж байна.

2026 оны тархвар судлалын 39 дүгээр долоо хоногийн байдлаар томуу, томуу төст өвчний өвчлөл 10 мянган хүн амд 46.5 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногоос 2.9 тохиолдлоор буурсан үзүүлэлттэй байна. Гэсэн хэдий ч сүүлийн гурван жилийн мөн үеийн дундаж үзүүлэлтээс өндөр байгаа аж.

Нийт томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 78.3 хувийг 15 хүртэлх насны хүүхэд эзэлж байгаа бол амьсгалын замын цочмог хүнд халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 59 хувийг зургаа хүртэлх насны хүүхэд эзэлж байна.

Томуугийн улирал ихэвчлэн есдүгээр сарын сүүлчээс идэвхжиж, арванхоёрдугаар сарын дунд үеэс нэгдүгээр сарын эхэн хүртэл оргил түвшинд хүрдэг. Сүүлийн жилүүдэд өвчлөлийн улирал харьцангуй удаан үргэлжилж, өвчлөл нэмэгдэхийн хэрээр эмнэлгийн тусламж, үйлчилгээний ачаалал өсөх хандлагатай байгаа юм.

Энэ жилийн томуугийн улиралд зорилтот бүлгийн хүн амыг томуугийн эсрэг вакцинд хамруулах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж, одоогоор дархлаажуулалтын хамралт 93.8 хувьд хүрээд байна. Улсын хэмжээнд эхний ээлжийн 333 мянган хүн тун вакциныг хүлээн авч, зорилтот бүлгийн хүн амыг дархлаажуулсан бол үлдэгдэл 167 мянган хүн тун вакциныг есдүгээр сарын 30-нд хүлээн авч, орон нутагт тарааж дуусгажээ.

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар “Томуу, томуу төст өвчний үед хамгийн түрүүнд хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах ёстой. Тиймээс өвчлөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх, вакцинжуулалтад хамруулах нь хамгийн чухал. Үүний зэрэгцээ өвдсөн хүүхдээ гэрт нь зөв асарч, хүндрэлээс сэргийлэх нөхцөлийг эцэг, эхэд бүрдүүлэх шаардлагатай” гэв.

Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах хүрээнд хариу арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж байна. Мөн томуугийн лабораторийн шинжилгээнд ашиглах оношлуурын дөрвөн сарын нөөцийг бүрдүүлж, улсын хэмжээнд нийт 4000 эмнэлгийн ор дэлгэх бэлэн байдлыг хангасан байна.

Үүнтэй холбоотойгоор бага насны хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, өвчний хүндрэл болон халдварын тархалтаас сэргийлэх зорилгоор өвчилсөн хүүхдээ гэрээр асрах эцэг, эх, асран хамгаалагчдад түр хугацааны зохицуулалт хийхээр төлөвлөжээ.

Тодруулбал, 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс 2027 оны гуравдугаар сарын 1-ний өдөр хүртэл томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн зургаа хүртэлх насны хүүхдээ асарч байгаа ажилтныг ажлын онцлог, боломжийг харгалзан гэрээс цахимаар ажиллуулах юм байна.

Харин цахимаар ажиллах боломжгүй тохиолдолд ажлын тав хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгох зохицуулалтыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Ингэснээр эцэг, эх, асран хамгаалагчид өвдсөн хүүхдээ асрахын зэрэгцээ боломжтой нөхцөлд ажлаа үргэлжлүүлэн хийх боломж бүрдэх юм.

Эрүүл мэндийн яамнаас эцэг, эх, асран хамгаалагчдыг томуугийн эсрэг вакцинд идэвхтэй хамрагдах, бага насны хүүхдийг олон нийтийн газраар шаардлагагүй авч явахгүй байх, амьсгалын замын халдварын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд хүүхдээ сургууль, цэцэрлэгт явуулахгүй байх, эмчийн зөвлөгөө авахыг зөвлөж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.