0

“КPop Demon Hunters” хүүхэлдэйн киноны гол дүр болох HUNTR/X хамтлагийн дууны хоолойгоор дэлхийд танигдсан дуучин, дуу зохиогч EJAE буюу Ли Жэ (Lee Jae) продюсер, программист Самуэл Кимтэй (Samuel Kim) аравдугаар сарын 17-нд БНСУ-ын Сөүл хотод хуримаа хийжээ.
Хосын хайр дурлал 2017 онд дуу зохиох хамтарсан уулзалтаас эхэлсэн бөгөөд тэд ижил төрлийн хөгжим, анимэд дуртай гэдгээрээ ойртож, найман жилийн турш хамтдаа амьдарсан байна. Самуэл Ким 2025 оны зургаадугаар сарын 1-нд Нью-Йорк хотын Бруклин дүүрэгт тэдний хамтдаа олон дурсамж бүтээсэн цэцэрлэгт хүрээлэнд EJAE-д гэрлэх санал тавьжээ. Тэрбээр хосын найз нөхдийн тусламжтайгаар дурсгалын гэрэл зураг, нохойтойгоо өнгөрүүлсэн мөчүүдийг багтаасан гэнэтийн уулзалт зохион байгуулсан байна.
Анх 2026 оны арваннэгдүгээр сард Калифорнид хуримаа хийхээр төлөвлөж байсан ч гэр бүлийн түүх, Солонгос өв соёлтойгоо холбогдуулан хуримаа эх орондоо хийхээр шийджээ. Ингэснээр тэд ердөө дөрвөн сарын дотор хуримын бэлтгэлээ базаасан байна.
Хуримын баяр аравдугаар сарын 16-нд Солонгосын уламжлалт “Пэбэк” ёслол болон угтах хүлээн авалтаар эхэлсэн бол маргааш нь Stage 28 арга хэмжээний газарт гэрлэх ёслолоо хийжээ. Тус газар EJAE-гийн хувьд онцгой дурсамжтай бөгөөд түүний өвөө, эмээ нь бага насанд нь уг байшинд амьдарч байжээ. Тэрбээр бага насаа уг байшингийн цэцэрлэгт тоглож, өвөөтэйгөө ойр орчмын толгодоор алхаж өнгөрүүлсэн тухайгаа дурссан байна. Мөн түүний ах ч тус газарт хуримаа хийж байжээ.
Хуримын чимэглэлд ногоон өнгө, байгалийн хөрсний дулаан өнгө аясыг түлхүү ашиглаж, сүйт бүсгүйн хүүхэд насны дурсамжийг илэрхийлсэн байна. Шилэн байгууламж бүхий хүлээн авалтын танхимыг зөөлөн даавуу, урссан хөшгөөр чимэглэж, үлгэрийн мэт уур амьсгал бүрдүүлжээ.
EJAE ёслолын үеэр загвар зохион бүтээгч Danielle Frankel-ийн урласан захиалгат даашинз өмссөн бол хүлээн авалтын үеэр Zac Posen-ийн бүтээсэн гоёлын даашинзаар гоёсон байна. Үдшийн бүжгийн үеэр Milla Nova брэндийн гялалзсан богино даашинзаар төрхөө өөрчилжээ. Харин хүргэн Самуэл Ким Нью-Йоркийн Bhambi’s Custom Tailors урланд захиалгаар хийлгэсэн сонгодог загварын хос энгэртэй смокинг өмссөн бөгөөд хүлээн авалтын үеэр Zac Posen-ийн урласан цагаан хослолоор гоёсон байна.
Хуримын үеэр Солонгос болон Америкийн уламжлалыг хослуулж, зочдод хоёр хэлээр мэндчилгээ, үг хэлэх боломж олгосон аж. Мөн гар утас хэрэглэхгүй байх зарчим баримталж, зочдод нэг удаагийн хальстай камер тараан өгч, баярын дурсамжаа өөрсдөө гэрэл зураг болгон үлдээх боломж бүрдүүлжээ.
Хуримын хүлээн авалтын үеэр After Eight хамтлаг хосын сонгосон дуунуудыг тоглож, зочид бүжиглэн баяраа үргэлжлүүлсэн байна. Хос мөн хүлээн авалтын дараа ойрын найз нөхдийн хамт Сөүл хотын Итэвон дүүрэгт очиж, баяраа үргэлжлүүлжээ.
EJAE хуримынхаа талаар “Бид хуримынхаа өдөр хөгжилдөж, аз жаргалыг мэдэрч чадсандаа үнэхээр баяртай байна. Дэлхийн өнцөг булан бүрээс ирж бидэнтэй хамт баярласан гэр бүл, найз нөхөддөө маш их талархаж байна” хэмээн ярьсан байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.