0

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн ХБНГУ-д хийж буй төрийн айлчлалын хүрээнд байгуулах тунхаг, санамж бичиг, Хамтын ажиллагааны гэрээ, хэлцлүүдийн нэг болох “Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчдыг Монгол Улсад сургах тухай“ Монгол Улсын Батлан хамгаалах яам, ХБНГУ-ын Холбооны батлан хамгаалах яамд хоорондын хэлэлцээрт Монгол Улсын Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга бригадын генерал Э.Гансүх, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Холбооны Батлан хамгаалах яамны Улс төрийн газрын орлогч дарга, хошууч генерал Штефан Виллер нар 2026 оны 10 дугаар сарын 20-ны ХБХЯ-нд гарын үсэг зурав.
Гэрээнд гарын үсэг зурах үеэр талууд Монгол, Германы батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын зорилт, цэргийн сургалт бэлтгэл, Зэвсэгт хүчний чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй хамтарсан арга хэмжээний талаар санал солилцов.
Бригадын генерал Э.Гансүх Монгол Улс, ХБНГУ-ын харилцаа 2024 онд Стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг онцлон тэмдэглэж, хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа цэргийн боловсрол, сургалт бэлтгэл, энхийг дэмжих ажиллагаа, уулын явган цэргийн чадавхыг бэхжүүлэх, цэргийн эмнэлэг, герман хэлний сургалт болон материал-техникийн дэмжлэг зэрэг олон чиглэлээр амжилттай хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
Дээрх хэлэлцээр нь Германы Бундесверийн цэргийн сургагч багш нарын оролцоотойгоор Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчдыг эх оронд нь сургах эрх зүйн үндсийг бүрдүүлж, сургалтыг зохион байгуулах, хэрэгжүүлэх ерөнхий нөхцөл, талуудын эрх, үүрэг, хариуцлагыг нарийвчлан тодорхойлсон.
Хоёр улсын батлан хамгаалах яамд хооронд байгуулсан хэлэлцээр нь Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцох бэлтгэлжилтийг хангах, сургалтын тогтолцоог бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Талууд цаашид Стратегийн түншлэлийн хүрээнд батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлж, харилцан тохиролцсон арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэхийн төлөө хамтран ажиллахаа илэрхийлж энэ талаар ирэх оны 1 дүгээр сард болох хоёр улсын Батлан хамгаалах яамд хоорондын зөвлөлдөх уулзалтаар дэлгэрэнгүй ярилцахаар тохиролцов.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.