1
ШҮГЭЛ АЖИЛЛАГАА ШҮЛС Ч ҮГҮЙ БОЛЛОО
Монгол Ардын Нам засаглаж байгаа үед сайн сайхан зүйл хүсээд нэмэргүй болчихож. Улс төрд өөрийн карьерыг олохын тулд ард түмний итгэл дээр улс төр хийж гарч ирээд урдын явдал нь ул болдог болов.
Бүх монголчуудтайгаа хамт шударга ёсны эрэлд гарсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй эрх баригчид яг шударга ёсны өмнө яалт ч үгүй тахим буулгаж байна. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа 5Ш ажиллагаа хэрэгжүүлнэ гэж мэдэгдэж байсан.
Эхлээгүй биш эхэлсэн л дээ. Гэхдээ амьдрал дээр хэрэгжээгүй. Тухайлбал, “Шүгэл” ажиллагааны хүрээнд авлигатай тэмцэнэ гэсэн. Авлигын гэмт хэрэг дандаа бусдын нүднээс далд, бусдаар зуучлуулах хэлбэрээр, цөөхөн оролцогчдын дунд явагддаг. Тиймээс авлигын гэмт хэргийн талаар шүгэл үлээх байдлыг эрчимжүүлэхэд юуны түрүүнд Засгийн газраас анхаарахаар болсон гэж байв.
Харамсалтай нь өнөөдөр авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүд нь Төрийн ордонд залардаг байдал арилсангүй. Даажигнаж байгаа мэт бүр нүдэн дээр даапаалдаг боллоо.
Шүгэл ажиллагааны шүлс нь хатаагүй байхад шүгэл үлээгч иргэдээ хорьдог, цагддаг байдал даамжирч шүгэл үлээх ч хүнгүй “ШҮГЭЛ” ажиллагаа дашийн шог болов оо.
ШҮҮР АЖИЛЛАГАА ШҮҮРДЭЖ ДИЙЛЭХЭЭ БОЛИВ
Тухайн үеийн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Төрийн алба, төрийн өмчийг “шимэгчилдэг” нөхдөөс салах, олон зуун тэрбумын хаус, өчнөөн сая төгрөгийн үнэтэй машинаа нотолж чадахгүй нөхдийг байгаа төрийн болон нийтийн албанаас чөлөөлнө” хэмээн хэлж байв.
УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатарыг гурван шатны шүүхээс гэмт буруутайд тооцчихоод байхад бүрэн эрхээ хэрэгжүүлэн өнөөдөр хууль батлалцаж сууна. Түүнчлэн МАН-аас сонгогдсон УИХ-ын гишүүн Энхбатын Болормаа гэхэд гадаадын хөрөнгө оруулалттай компаниас сонгуулийн хандив авсан нь ил болчихсон байна. Гэтэл өнөөдөр байж л байна. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нартай холбоотой маш олон удаа хууль бус зүйл хийж байгааг нь яриад байхад нэг нь Сангийн сайд, нөгөөх нь парламентын спикерийн сэнтийд заларсан байх.
ШҮҮР ажиллагаа дээд шатандаа ингэж л хэрэгжиж байна. Хуулийн байгууллагын үүд сахиж, чулуу нясалж суусан нам харгалзахгүй БЭТ, хяналтын болон бүтээмжийн менежер гэх халхавчаар төрийн өндөр албан тушаал хашиж эхэллээ. Нэг, хоёр, гурав биш 300, 400-гаараа томилогдож байгааг юу гэхэв.
ШУВУУ АЖИЛЛАГААНЫ ДАЛАВЧ ЦУЦЖЭЭ
Нэрнээсээ эхлээд олон нийтийн анхаарлыг хамгийн ихээр татаж байгаа нь ШУВУУ ажиллагаа. Энэ ажиллагаагаар авлига, албан тушаалын гэмт хэргээ шалгуулалгүйгээр оргон зайлсан, зугтсан, гадаад оронд байгаа, төрийн албан тушаалтнаар ажиллаж байсан нөхдийг нутагт нь буцаан авч ирж, гэм буруутай эсэхийг нь тогтооно гэсэн.
Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэг, Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Баяртсайхан, Улаанбаатар хотын менежер асан Т.Бадамжунай, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Хөдөлмөрийн баатар Н.Удаанжаргал, Худалдаа хөгжлийн “босс” Д.Эрдэнэбилэг нараас эхлээд нэрс гарч байв. Харамсалтай нь муу нэр, луу данстай Т.Бадамжунай л монголд ирж, хэдэн сар суугаад гарсан. Гэхдээ түүний хэргийн процесс ямар шатандаа байгаа нь тодорхойгүй болчихоод байгаа.
Ч.Сайханбилэг АНУ-д тарвалзаж, Д.Эрдэнэбилэг, Н.Удаанжаргал нар оргон зайлаад олдохгүй байна гэх. ШУВУУ ажиллагаа нэг иймэрхүү л байна.
ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА ЮУ БОЛОВ
Оффшор бүс болон гадаад улсад нуун дарагдуулсан хууль бус хөрөнгийг илрүүлэн буцаан авчрах ажлыг ШИЛЖҮҮЛЭН авах ажиллагаа хэмээн нэрлэв. Ингэхийн тулд гэмт хэргийн замаар олсон хөрөнгө, орлогыг хураах үйл ажиллагааг ил тод болгох, сан бүрдүүлж, олон нийтийн оролцоотойгоор зарцуулах тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй гэж гэж байсан ч АТГ хааяа нэг оффшор бүсээс орж ирж ирсэн мөнгөн дүнг танилцуулдаг байсан. Одоо бүр таг болчихоод байгаа.
ШИЛЭН АЖИЛЛАГАА Л АМЬТАЙ ГОЛТОЙ БАЙХ ШИГ
Төрийн өмчит компаниудын мэдээлэл ил болж байна. Хэн хамгийн олон лиценз эзэмшиж буйгаас эхлээд өмнө нь нууц байсан бүхэн ил боллоо. Энэ бол дэвшил. Гэхдээ төр нээх зүйлээ нээж, хаах зүйлээ хаасан хэвээр байгаа юм. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийг өргөн барьж, компаниудыг удирдлагыг зөвхөн нээлттэй сонгон шалгаруулалтаар томилно гэж байсан ч сонгон шалгаруулсан юмгүй намын дарга, нэг сайд, нэг Их хурлын гишүүний ойрх хүмүүс л албан тушаалд очиж байгаа. Зарим төрийн өмчит компаниуд дээр гадаадын менежментийн багийг нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгоно гэж байсан ч одоогоор нэг ч компани дээр хэрэгжсэнгүй.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.