0
Үндэсний аудитын газраас Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2024 оны санхүүд аудит хийжээ. Аудитаар нийт 6.7 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн байна.
Тодруулбал, ТӨБЗГ-ын 2023 оны 623 дугаар тогтоолоор аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газруудад ашиглагдаж байсан 1.6 тэрбум төгрөгийн тавилга, эд хогшил, тоног төхөөрөмжийг тус газрын санхүүгийн тайланд бүртгэсэн боловч 2024 онд дээрх хөрөнгийг орон нутгийн өмчид шилжүүлэх арга хэмжээг зохион байгуулж, эрх бүхий байгууллагад саналыг хүргүүлээгүй байна.
Байгууллагын 2024 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөөнд тусгаагүй "Гамшгаас хамгаалах сургалт" өдөрлөг арга хэмжээг 2024 оны есдүгээр сарын 19-22-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Хархорин суманд зохион байгуулж 17.1 сая төгрөгийг зарцуулжээ.
Мөн оны шилдэг таван албан хаагчдад төсөвт зохицуулалт хийлгүүлэх зөвшөөрөлгүйгээр цалингийн зардлаас 6 сая төгрөгөөр шагнал, цом олгосон аж.
Түүнчлэн 43 хуулийн этгээдээс 47.6 тэрбум төгрөгийн ногдол ашгийн орлогыг улсын төсөвт төвлөрүүлэхээр хуулийн этгээдүүдтэй харилцан тохиролцож, баталсан боловч 2024 онд тус тогтоолд хоёр удаа өөрчлөлт оруулсан байна. Үүнд:
-ТӨБЗГ-ын 2024 оны 432 дугаар тогтоолоор "Хөдөө аж ахуйн бирж" ХХК-ийн 1.7 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хүчингүй болгосон;
-ТӨБЗГ-ын 2024 оны 738 дугаар тогтоолоор "Монголын төмөр зам" ХК-ийн улсын төсөвт төвлөрүүлэх ногдол ашгийг 3.2 тэрбум төгрөгөөр бууруулжээ.
Худалдан авах ажиллагааны 2024 оны төлөвлөгөөнд тусгаагүй ажил үйлчилгээ, бараа материалын худалдан авалтын гэрээг дөрвөн хуулийн этгээдтэй байгуулж, гүйцэтгэлээр 16.3 сая төгрөгийн санхүүжилт олгосон байна.
ТӨБЗГ-ын даргын Б/50 дугаар тушаалаар нэр бүхий таван албан хаагчид тус бүр 4.9 сая төгрөг, нийт 24.9 сая төгрөгийн шагнал, үр дүнг давхардуулан олгожээ.
Мөн 51 хуулийн этгээдээс 646.4 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр баталсан байна. Үүнээс "Үндэсний баялгийн тухай хууль" батлагдаж, "Эрдэнэс монгол" ХХК-ийн харьяа найман хуулийн этгээдийн 598.7 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хуримтлалын санд хуримтлуулахаар хуульчлагдсан байна. Гэвч 2024 онд улсын төсвийн ногдол ашгийн дансанд 43 хуулийн этгээдээс 42.7 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээс гурван хуулийн этгээдэд ногдуулсан 2,640,205.2 мянган төгрөгийг улсын төсөвт дутуу төвлөрүүлжээ. Үүнд:
-"Монголын цахилгаан холбоо" ХК 3,129.3 мянган төгрөг ,
-"Эрдэнэсант АЗЗА" ТӨХК 17,611.6 мянган төгрөг,
-"Эрчис ойл" ХХК 2,619,464.3 мянган төгрөг тус тус төвлөрүүлээгүй байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.