Дасгал хөдөлгөөнийг амьдралынхаа хэв маяг болгож, тууштай хийсээр амьдралаа бүрэн өөрчилсөн нэгэн эмэгтэйн түүхийг хуваалцъя. 

Т.Тэгшжаргал одоо 30 настай. Тэр багын л илүүдэл жинтэй хүүхэд байжээ. Бүдүүн болохоор нь хүмүүс түүнийг “Бүүдка” хэмээн хочилдог байсан аж. Энэ тухайгаа Тэрбээр “Би энэ хорвоод мэндэлснээсээ хойш туранхай байж үзээгүй. Нэлээд их жинтэй төрсөн. Багадаа бүдүүн байсан болохоор хүмүүс намайг Бүүдка гэж хочилдог байлаа” хэмээн ярив. 

Т.Тэгшжаргал Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд микробиологич мэргэжлээр суралцжээ. Түүний мэргэжил микроскопын ард олон цагаар суухыг шаарддаг, мөн хичээл нь ачаалал ихтэй байдаг тул олон цагаар суух, шөнийн цагаар хичээл хийх тохиолдол их гардаг байж. Үүнээсээ болж тэр 128 кг болтлоо таргалсан байна. Гэхдээ Т.Тэгшжаргал өөрийгөө ийм жинтэй болсон гэж төсөөлөөгүй. Тэр өөрийгөө жин нэмээд, 80 кг орчим л болсон байх гэж бодож байсан аж.

Их сургуульд орсныхоо дараа нэлээд эрчимтэй жин нэмээд, 100 гаруй кг болсон. Шалтгааныг нь бодоод үзтэл анагаахын сургуулийн хичээл маш их ачаалалтай байдаг. Тийм болохоор шөнийн цагаар сууж, хичээлээ их хийдэг байсан. Нойроо хүргэхгүйгээр хичээл хийх сэдлээ төрүүлэхийн тулд хажуудаа маш их амны зугаа тавьж, иддэг байсан юм билээ. Тэрнээс болж нэлээд таргалсан. Миний мэргэжил микроскопын ард суудаг болохоор ихэнх цагийг суугаа байдалтай өнгөрүүлдэг байсан. Тэгээд л маш их жин нэмсэн.

Хүн өөрийнхөө жинг багаар бодоод байдаг юм билээ. Тавдугаар курстээ хичээл багасчихсан болохоор фитнесст явахаар шийдсэн. Гэрийнхээ хажуугийн фитнесст бүртгүүлэхээр ороод, жингээ үзтэл 128 кг гэж заасан. Би бүр шок. “Танай жин чинь эвдэрчихсэн байна” гээд л фитнессийн багшид нь хэлсэн. Гэтэл “Үгүй, манай жин зүгээр ажилладаг. Чи л 128 кг болчихсон байна” гэж билээ. Тийм жин харчихсан хүн чинь шууд л турахаар шийдэж, тэр фитнесст даруй бүртгүүлсэн. Маргаашаас нь эхлээд бэлтгэл хийж эхэлсэн дээ” хэмээн тэр ярилаа. 

Т.Тэгшжаргал жингээ хасах хүсэлдээ хэт автаж, хоёр сар гаруйн хугацаанд хоолоо сойж явсаар нэг өдөр ухаан алдаж унажээ. Үүнийхээ дараа анагаахын сургуульд сурдгийнхаа хэргийг гаргаж, эрүүл хооллолтын талаар судалгаа хийж эхэлсэн байна. Улмаар гурав дахь сараасаа эрүүл, зөв хооллох болжээ. Ингээд тэр фитнессдээ тууштай явж, эрүүл хооллосоор нэг жилийн дотор 60 кг хасаж, 68 кг болсон аж.

Түүнийг жингээ хасахад нөлөөлсөн бас нэг зүйл бий. Тэр нь фитнессийнх нь багш. Т.Тэгшжаргалыг өнөөх фитнесс рүү анх ороход царайлаг, булчинлаг залуу угтах хэсэгт нь зогсож байжээ. Тэр залуу үйлчлүүлэгчдээ угтаж авахаас гадна фитнесстээ багшилдаг байж. 

Энэ тухай Т.Тэгшжаргал “Анх хараад ямар царайлаг залуу вэ гэж бодсон. Бараг тэгээд л фитнесстээ бүртгүүлсэн дээ. Манай тэр багш ааштай, бас хүний шарыг их хөдөлгөдөг. “Чи угаасаа турж чадахгүй, хоёулаа барьчих уу” гэдэг байсан. Ингэж явсаар багшдаа дурлачихсан. Багшийгаа харахын тулд өдөр бүр фитнесстээ явна. Хожим “Бараг тэр багш маань фитнесстээ явах миний сэдэл болсон юм болов уу гээд, дараа нь бодоод инээд хүрээд байсан. Гэхдээ мэдээж 100 хувь тийм биш” хэмээв.

Т.Тэгшжаргал өнөөх багштайгаа гэрлэжээ. Тэд долоон жилийн өмнө гэр бүл болж, одоо хөөрхөн охинтой болсон байна. Түүний нөхөр жилийн өмнөөс фитнессийн багш хийхээ больж, тэд хамтдаа “FITO FOOD Mongolia” хэмээх эрүүл хоолны бизнес эхлүүлжээ. Мөн өөрсдийн ресторанаа нээсэн байна. 

Фитнессийн багштайгаа гэрлэсэн тухайгаа Т.Тэгшжаргал “Тухайн үед нөхөр маань надад найрагдахгүй яваад байсан. Би найрсаар байгаад л аваад суусан даа (инээв). Тэгтлээ дурласан шалтгаан нь тэр залуугийн надтай харьцсан хандлага. 

Намайг бүдүүн байхад залуучууд ялгаварлаж, үл тоодог байлаа. Гэтэл жингээ хассаны дараа тэр хүмүүсийн хандлага өөрчлөгдөөд эхэлсэн. Уг нь миний зан ааш яг л өмнөхөөрөө байгаа шүү дээ. Гэтэл гадаад байдлаар минь дүгнэж, надтай харьцаж байсан юм. Харин фитнессийн багш маань яг л нэг зангаараа байсан. Намайг бүдүүн байхад ч, жингээ хассаны дараа ч түүний хандлага огт өөрчлөгдөөгүй. Тэр нь надад маш их таалагдсан” гэлээ.  

Эмэгтэй хүн бүрийн толгойны өвчин жингээ хасах. Тийм ч учраас түүний сошиал хаягуудыг олон эмэгтэй дагаж, үлгэр дуурайлал авдаг. Тиймээс хэрхэн жингээ хасах талаар зөвлөгөө өгөхийг түүнээс хүслээ. Харин тэр “Хүн өөрийгөө маш сайн хайрлах хэрэгтэй. Нэг юмандаа тууштай байх ёстой. Өнөөдөр ядраад, дасгалаа дутуу хийсэн байлаа гэж бодоход маргааш нь дахиж ирээд л хийгээрэй.

Би дасгалыг өмнө нь сайн хийдэг байгаагүй. Дутуу өргөдөг, 20 тоогоор хийх ёстой байсан бол ядраад 10-ыг хийчхээд больчихдог. Ядрахаараа удаан суучихдаг байсан. Тэглээ гээд би чадахгүй юм байна гэж зогсоогүй. Маргааш нь яваад л очдог байсан. Эмэгтэйчүүдээ хандаж хэлэхэд битгий зогсоорой. Амьдралын хэв маяг болгох хэрэгтэй шүү” хэмээн ярив.

Мөн тэр “Ихэнх эмэгтэйчүүд таргалаад байгаа шалтгаанаа мэддэг. Боов, гурилан бүтээгдэхүүн их иддэг, эсхүл хэт оройн цагаар юм иддэг гэдгээ мэдэж байдаг. Тэгсэн хэрнээ засахгүй явсаар жин нэмдэг. Ер нь бол зуршлыг зуршлаар л дарах юм билээ. Би өмнө нь орой маш их иддэг байсан. Түүнийгээ орой юм идэхээ больдог зуршлаар л зассан юм. Өөр арга байхгүй” гэлээ. 

Т.Тэгшжаргал дасгал хөдөлгөөн, эрүүл хооллолтыг амьдралынхаа хэв маяг болгожээ. Тэр одоог хүртэл фитнесстээ явсаар буй. Гэтэл түүнийг хүмүүс турчихсан байж өөрийгөө зовоохоо болиоч гэдэг гэнэ. Үүнд Т.Тэгшжаргал “Би фитнессийн тамирчин болох гээгүй. Эсхүл ясаа гартал турна гэж боддоггүй. Өдөр бүр дасгал хийж, тэнцвэртэй эрүүл хооллож байгаагийн минь шалтгаан бол нас яваад хөгшрөхдөө зовж үхмээргүй байна.

Амьдралын буруу хэв маягаас болж үүссэн хууч өвчнөөс болж хөгширсөн хойноо зовж, гэр бүлийнхэндээ хүндрэл учруулахыг хүсэхгүй байгаа юм. Тийм болохоор эрүүл хэв маягаар амьдарч байна. Охинтойгоо илүү удаан хамт байж, охиноо зовоохгүйгээр амьдрахыг хүсэж байна” хэмээн хэллээ. 

Түүний яриаг видео хэлбэрээр хүлээн авч үзнэ үү. 

                             

Б.ХОНГОРЗУЛ

3 САНАЛ

  1. Мундаг зүтгэлтэй хөөрхөн бүсгүй байнаа. Жилд 60кг хасах амар биш хөдөлмөр шүү. Нас явах тусам жин хасагдах явц удааширч багасдаг. Зөв насан дээрээ хасчээ.

  2. Daichin tuushtai emegtei bna bayar hurgie uur olon hund turshilgaa tugeegeerei amjilt saihan ohin bna

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу